Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногийг АН-ын бүлэг дүгнэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь Ардчилсан намын бүлгээс МАН-ын Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногийн ажилд үнэлэлт дүгнэлт хийснийг танилцуулж, тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар өнөөдөр мэдээлэл хийв.
2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн МАН-ын Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын ажлын үзүүлэлттэй холбогдуулан АН-ын бүлгээс мэдэгдэл гаргасныг бүлгийн дэд дарга Ж.Батзандан гишүүн уншиж танилцуулав. Мэдэгдэлд “Ураг төрөл, хамаатан садан, уяачдын, давхар дээлтэй “Мэргэжлийн бус” Засгийн газар байгуулагдаад 100 хонолоо. Эрх баригч МАН-ын Засгийн газар өмнөх парламентын үед эсэргүүцэж байсан, сонгуулиар иргэдэд амлаж байснаасаа эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар байна. Эрх барьсан өдрөөсөө төрийн албанд халаа, сэлгээг өрнүүлэн “төрлийн” томилгоог хийж олон мянган мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон халсан шийдвэрүүд нь төрийн албыг наймааны хэрэгсэл болголоо. Түүнчлэн Олон улсын Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт л хамрагдахгүй бол болохгүй байгаагаа ярьж, гадаадын банкуудыг Монголд оруулж ирж, эдийн засгаа сэргээх бодлого баримталж буйгаа хямрал гэдэг үгээр тайлбарлан төсөв хүнд байна гэсэн атлаа дэд сайдууд ба түүний ажлын алба нэртэй туслах, жолооч нарыг дахин бий болгож, 8 гишүүн “давхар дээлтэй” ажиллаж байна” гэжээ.
Мөн эмч нарын 36 тэтгэмжийг бууруулсан, Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгосон, гадаадад их дээд сургуульд сурах оюутнуудын сургалтын тэтгэлгийг зогсоосон, хүүхдийн мөнгийг ялгавартай олгох болсон, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг цуцалсан, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг эргүүлэн татсан, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтыг бууруулсан, шинэ төрлийн татварууд бий болгох гэж байгаа зэрэг нь МАН мөрийн хөтөлбөрөөсөө ухарсан, төсвийн алдагдлаа иргэдийн халааснаас нөхөх бодлого барьж байгаагийн илрэл гэж АН-ын бүлэг дүгнэжээ.
Түүнчлэн өрийн таазыг зориудаар нэмж, 2020 онд гэхэд ДНБ-ийг 80 хувьд хүргэхээр төлөвлөсөн нь улс үндэстний тусгаар байдалд ноцтой хохирол учруулахаар байна гэж дээрх мэдэгдэлд тусгасан бөгөөд өмнөх Шинэчлэлийн, Шийдлийн Засгийн газрын 100 хоногийг Мэргэжлийн Засгийн газартай харьцуулан танилцуулж байв.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал