Монгол, Филиппиний хооронд 6.2 сая ам.долларын худалдаа хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны
наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад хийсэн Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало-гийн албан ёсны айлчлалын үеэр хоёр
орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хөндө ярилцлаа.
Тодруулбал, хоёр орны найрсаг
хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад чиглэж байгааг хоёр тал тодотгон
илэрхийлсэн. Филиппин улс манай улсад гамшгийн эрсдэлийг бууруулж, даван
туулахад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаас гадна боловсрол, аялал жуулчлал, хөдөө ахуй, уул
уурхай зэрэг бусад салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Тэр дундаа эдийн засаг,
бизнесийн харилцааг дэмжин өргөжүүлэх талаар ярилцсан юм.
Одоогоор хоёр улсын хооронд 2023 оны эцсийн гүйцэтгэл дүнгээр 6.2 сая ам.долларын худалдаа хийгээд байна. Филиппин улсаас 2021 оноос хойших хугацаанд Монгол Улсад 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Мөн аялал жуулчлалыг
хөгжүүлэх зорилгоор иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг сайжруулах талаар айлчлалаар
хөндөн тохиролцсон юм. Одоогоор хоёр улсын иргэд 21 хоног хүртэлх
хугацаанд харилцан визгүй зорчиж байгаа юм.
Нэмж мэдээлэхэд, Филиппин
нь 114 сая хүн амтай, АСЕАН-ыг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын нэг, 471
тэрбум ам.долларын ДНБ-ээр дэлхийд 32, Ази тивдээ 13 дугаарт ордог, Зүүн Өмнөд
Азийн үсрэнгүй хөгжиж буй улсын нэг юм. 2024 оны байдлаар эдийн засаг нь 6.2
хувийн өсөлттэй, жилд дунджаар 6 хувиар өсөж буй, Зүүн өмнөд Азийн үсрэнгүй
эдийн засагтай орны нэг болоод байна.