“Даншиг наадам-Хүрээ цам-2024” шашин соёлын наадам маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлийн
Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан
Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран “Даншиг наадам-Хүрээ цам-2024” шашин
соёлын наадмыг Хүй долоон худагт 8 дугаар сарын 3, 4-нд зохион байгуулна.
Даншиг наадам Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг
хадгалсан, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг
татах ач холбогдолтой.
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын
өдрүүдэд болдог тус наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, Балин
тосон урлалын тэмцээн, Лам нар, Унзад, голч нарын тэмцээн зохиогддог ба
Даншгийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, Цам харайх,
Сор залах, Соёмбот туг залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын
үйл ажиллагааг зохион байгуулна.
“Даншиг наадам- Хүрээ цам 2024” шашин соёлын наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.