ӨВӨРХАНГАЙ: Хужиртынхан сум, сургуулийнхаа түүхэн ойг хамтатган тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-27-ны өдрүүдэд
Өвөрхангай аймгийн Хужирт сум түүхт 90 жил, бусад найман сум 100 жилийн ойгоо
тэмдэглэнэ.
Өнөөдөр Хужиртынхан сумын түүхэн ойгоо, ерөнхий боловсролын сургуулийнхаа 100 жилтэй хамтатган тэмдэглэж байна. Ойн хүрээнд баярын хурал, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Самдангийн Сэнгээгийн “Бөхийж үзээгүй ноён нуруу” уран бүтээлийн зургийн үзэсгэлэнг дэлгээд байна.
Хужирт сумаас төрөн гарсан алдартнуудын нэг болох Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Самдангийн Сэнгээгийн уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ.
Хужирт сум нь 1931 онд “Халуун-Ус” нэртэйгээр Архангай аймагт харьяалагдан байгуулагдсан бол 1934 оны 5-р сард Өвөрхангай аймгийн засаг захиргаанд таван баг, 575 өрх, 2281 хүн ам, 53725 толгой малтайгаар шилжүүлж, сумын нэрийг “Хужирт” хэмээн өөрчилж байжээ. Одоогоор зургаан баг, 8000-аад хүн амтай, хүн амын тоогоор аймагтаа дөрөв, нутаг дэвсгэрийн хувьд аймагтаа хамгийн бага буюу 19 дүгээрт ордог сум юм.
Тус сумын ерөнхий боловсролын сургууль нь 1924 оны 10 дугаар сард Илдэнбээлийн хүрээний Бэйл ноёны өргөөнд Өлзийт уулын хошууны тэнхим нэртэйгээр 12 сурагч, нэг багш, нэг ажилтантайгаар анхны хичээлээ заажээ. Тус сургуулийг 2010 онд Монгол Улсын Гавьяат багш, Хэл бичгийн ухааны доктор, профессор Чой.Лувсанжавын нэрэмжит болгож байв.
А.Отгончулууны санаачилгаар 1990 оны төгсөгчид Соёмбот талбайг хамтран бүтээлээ.
Аймгийн Засаг дарга И.Доржсүрэн Монгол төрийн шүтээн Алтансоёмбыг суманд хадгалуулав.