“Ардын үг” уулзалтаар нийгэмд тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРИргэдийн санаа бодол, тэдний саналыг бодлого шийдвэрт тусгах зорилготой “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх цуврал уулзалтыг Нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт зохиох талаар сэтгүүлчдэд мэдээлэв.
"Ардын үг" зөвлөлдөх уузалтын зорилго нь тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдогсдын хийсэн ажлыг иргэд дүгнэж, тулгамдсан асуудлаас гарах шийдэл хайхад оршиж байгаа аж.
Монголын медиа корпорацийн Маркетинг борлуулалт, хамтын ажиллагааны газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Энэхүү зөвлөлдөх уулзалтаар гарч байгаа шийдвэрүүд заримдаа УИХ-аас ч илүү оновчтой байдаг. Зөвлөлдөх ардчиллын энэ арга барилыг дэлхийн 30-аад орон хэрэгжүүлж байна. Дорноговь аймагт өнгөрөгч 3 дугаар сард болсон уулзалтын дараа “царцаад” байсан аймгийн төрөх эмнэлгийн барилгыг барьж байгаа. Уулзалтаар нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна” гэв.
Дараагийн уулзалтын тов хараахан гараагүй ч хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжлүүлж, дүүргээ төлөөлөх чадвартай, 21-ээс дээш насны 150 иргэнийг түүврийн аргаар сонгож оролцуулах юм байна.
"Ардын үг" зөвлөлдөх уулзалтын талаар МЕК судалгааны байгууллагын захирал Л.Золбаатар, Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш, Ийгл ньюс телевизийн тоймч Ө.Золбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Г.Даваамаа
Гэрэл зургийг Н.Батбаяр