“Дээлтэй Монгол” наадам болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-09 15:13:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг угтан, “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулж байна.

Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өв болон Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.



Дээлтэй Монгол” наадамд есөн дүүрэг, 21 аймгийн төлөөллөөс гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн “Хөрөнгө оруулагчдын холбоо”, Баруун үзэмчин хошуу, Ордос аймгийн монголчууд, Монгол туургатны утга зохиол, өв соёлын “Дорнын гэгээ аялгуу” нэгдсэн холбоо, Шинжаан уйгурын өөртөө засах орны торгууд, өөлд, цахар, хошуут, захчин, урианхай, халх үндэстэн ястны төлөөлөл бүхий ойрад монголчууд, ОХУ-ынБуриад, Халимаг улсын гээд 200 гаруй улсын төлөөлөл оролцож байна. 


Наадмын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол өв соёлоо хүндлэн дээдэлж, үндэсний дээл хувцсаараа гоён төв талбайдаа хуран цугласан түмэндээ талархал илэрхийлье. Монгол үндэстнийхээ түүхийн салшгүй хэсэг язгуур соёл, ахуй амьдралын онцлогийг тусган, өөрийн гэсэн өвөрмөц хэв шинжийг бий болгон уламжлуулж, хөгжүүлж ирсэн олон үндэстэн ястны хувцас, зүүсгэл, эд хэрэглэлийн агуу соёлтой ард түмэн билээ. Үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх соёл, уламжлалынхаа нэгээхэн хэсгийг өвлүүлэх, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилготой тус наадам улс, нийслэлдээ зочид жуулчдыг татах томоохон үйл ажиллагаа болжээ. “Дээлтэй Монгол наадам” нь аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй Монгол Улсын онцлох үйл явдал мөн” гэдгийг тодотголоо.

 

Түүнчлэн, “Дээлтэй Монгол” наадмын үеэр шилдэг дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага, дээл урлаач, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/, монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/, хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ зэрэг ангиллаар шалгаруулах аж. 





Холбоотой мэдээ