Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-10 15:02:02

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ашлэй Вэйлэн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Ашлэй Вэйлэн УИХ-ын гишүүн З.Нарантуяаг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэн, цаашдын хамтын ажиллагааны талаарх хөтөлбөрүүдийг танилцуулахаар ирсэн тухайгаа хэлэв.  Тэрээр " Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн нь Монгол Улсад  1997 онд суурин төлөөлөгчийн газраа нээснээр анх хамтын ажиллагаа эхэлсэн. Тус байгууллага нь дэлхийн 70 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд улс төрийн судалгаа хийх, улс төрийн намуудыг төлөвшүүлэх, эмэгтэйчүүд, залуучуудыг улс төрийн үйл явцад оролцуулах, нээлттэй сонгууль, ардчилсан засаглал болон эрхзүйт ёс хөгжүүлэх чиглэлээр бие даасан хөтөлбөр хэрэгжүүлдэг" хэмээгээд  хамтын ажиллагааны хөтөлбөрийн танилцуулгаа хүргүүлсэн юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон тус хүрээлэн олон жилийн үр дүнтэй хамтын ажиллагаатай байснаа дурьдав. Тэрээр орон нутаг дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг чадавхжуулах талаар хамтын ажиллагаагаа чиглүүлэх хүсэлтэй байгаагаа онцлон цаашид ямар хөтөлбөрт голлон анхаарч ажиллахаа хамтран шийдвэрлэнэ гэв.

Түүнчлэн Бүгд Найрамдах Олон Улсын хүрээлэн ирэх арваннэгдүгээр сараас эхлэн УИХ-ын гишүүд болон тэдний ажлын албаныханд зориулж хоёр сар тутам нэг удаа цуврал семинар зохион байгуулна гэлээ. Мөн арванхоёрдугаар сард тус хүрээлэн шинэ гишүүдээ туршлага судлуулах чиглэлээр солилцооны хөтөлбөрт хамруулах ажээ.

Холбоотой мэдээ