Google-ийн сургалтад хамрагдаж, батламжаа гардан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-25 15:59:25

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газар, Google компани хамтран мэргэжлийн цахим ур чадвартай 1000 боловсон хүчин бэлтгэж байна.


Ингэхдээ Grow with Google Mongolia хөтөлбөр хэрэгжүүлж, төслийн менежмент, их өгөгдөл шинжилгээ, UX дизайн, кипер аюулгүй байдал, цахим маркетинг/ цахим худалдаа, мэдээллийн технологийн суурь мэдлэг олгох чиглэлээр 350 хүнийг мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамруулав.

Цахим ур чадвар мэргэжил дээшлүүлэх, хөрвөх сонирхолтой 18-65 насны 350 элсэгч хамрагдсаны дунд Суданд энхийг сахиулах ажиллагааны албан хаагч залуугаас эхлээд долоо хоног бүр Дорнодоос ирж сургалтад суусан малчин, цахим худалдаа эрхлэх сонирхолтой, хамт олон, бизнес хамтрагчдаа эрэлхийлсэн, гэртээ үр хүүхдээ асран суугаа ээж нар байсан нь сургалтыг хүртээмжтэй, нийгмийн үр нөлөө бүхий хөтөлбөр болгожээ.



Оролцогчид Google-ийн хүний нөөц бэлтгэдэг агуулга бүхий олон улсын ноу хау бүхий цахим сургалтаас гадна салбартаа цойлж буй багш нараар хичээл заалган, ажлын байранд бэлтгэх ур чадвар төдийгүй сэтгэлзүй, хандлагын агуулгатай сургалтад хамрагдлаа. Оролцогчдын дунд ажил горилогч 100 гаруй залууг ажлын байранд зуучлах, шаардлагатай торхиолдолд дадлагажуулах хөтөлбөрийн хоёрдугаар шат энэ зуны турш өрнөхийг зохион байгуулагчид онцолж байв.


Хөтөлбөрт элсэгчдийн хурд, суурь түвшинг харгалзан, зохион байгуулагчид тэтгэлэгт хөтөлбөрийн турш төслийн менежмент, их өгөгдөл шинжилгээ, UX дизайн, кипер аюулгүй байдал, цахим маркетинг/ цахим худалдаа, мэдээллийн технологийн суурь мэдлэг олгох ангиас хүссэнээ сонгож дүүргэх боломжийг олгожээ. Тэд тус хөтөлбөрөөр дамжуулан Google-ийн хүний нөөцөө бэлтгэх аргачлалаар цахим мэргэжлийн ур чадвар эзэмшсэнийг ЦХХХЯ мэдээллээ. 

Холбоотой мэдээ