П.Сэргэлэн:Махны экспортыг нэмэгдүүлэхээр хоёр тал санал нэгдсэн 

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-10-08 17:14:57

ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёвын урилгаар  энэ сарын 5-7-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчид Москва хотноо ажлын айчлал хийв.

МОНЦАМЭ-гийн  Москва дахь сурвалжлагч  ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнтэй Улаанбаатар руу буцахын өмнө уулзаж, айчлалын үр дүнгийн талаар тодруулав.

“Орос улсын хөдөө аж ахуйн сайд А.Н. Ткачёвын урилгаар “Алтан намар-2016” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд уригдан  оролцсон.  Айчлалын хүрээнд  Оросын  сайд А.Н. Ткачёвтай албан ёсны уулзалт хийж,  мал эмнэлгийн үйлчилгээ, малыг эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөртэй холбоотой асуудлаар болон газар тариалангийн "Атарын 3 дугаар аян-ыг үргэлжлүүлэхтэй холбогдуулан  сайн чанарын үрийн сортыг гаргах болон махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар оросын талтай  санал солилцлоо. Оросын  тал  манай Хөдөө аж ахуйн салбарын шинэ бодлогыг дэмжиж байгаагаа  илэрхийлэхийн зэрэгцээ цаашид нягт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Оросын сайд Ткачёвыг манай улсад ажлын айчлал хийхийг урьсан, тэрээр  урилгыг дуртайяа хүлээн авч, Монголд айлчлах үеэр махны экспортыг нэмэгдүүлэх асуудлыг газар дээр нь шийдэхээр хоёр тал  тохиролцсон” гэлээ.   

Мөн тэрбээр, "Монголын томоохон газар тариалангийн 20 орчим компанийн захирал Оросын газар тариалангийн томоохон “Агросалон -2016” үзэсгэлэнг үзэж сонирхон, 5 комбайн худалдаж авахаар ярьж тохирсон. Оросын хөдөө аж ахуйн техникийн томоохон үйлдвэрлэгч “Ростсельмаш” компанийн асарт зочилоход биднийг  Ерөнхий захирал Валерий Мальцев хүлээн авч уулзсан. Манай тариаланчид тэдний бүтээгдэхүүнийг андахгүй сайн мэднэ. “Ростсельмаш” нь монголчуудыг хэдийнээс  сайн мэдэх “Нива”комбайны   үйлдвэрлэгч бөгөөд харин одоо уг техникийг  сайжруулж улмаар  шинэ үеийн “Нова” гэх аварга комбайн үйлдвэрлэснийг үзэж сонирхлоо. Шинэ “Нова”-гийн техникийн үзүүлэлтүүд  манай тариаланчдын сонирхолд маш их нийцэж, эхний ээлжинд 5 аж ахуйн нэгж худалдаж авахаар захиалгаа өгсөн. “Төр засгийн бодлогоор цаашид бид ОХУ-ын ийм төрлийн хөдөө аж ахуйн техникийг Монголд оруулж байхаар ярилцлаа. Мөн Беларусь улсаас хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж оруулахаар төлөвлөсөн. Ойрын үед манай улсад Беларусын Хөдөө аж ахуйн сайд айлчилна. Москвад хийсэн хоёр өдрийн ажлын айчлалыг үр дүнтэй болсон гэж үзэж байна” хэмээн Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ярив.  

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ