“Трубадур” дуурь амралтын өдрүүдэд тайзнаа эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-06-05 11:19:00

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Вердийн алдарт дууриудын нэг “Трубадур”-ыг амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8, 9-нд тайзнаа тоглоно.


Тус дуурийн удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, найруулагчаар МУСГЗ Л.Эрдэнэбулган, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажиллажээ

Италийн суут хөгжмийн зохиолч Дж.Вердиг алдаршуулсан гурван том дуурийн нэг “Трубадур” дуурийг анх 1853 оны нэгдүгээр сарын 19-нд Ромын Аполло театрт тоглож байсан. Харин манай улсын дуурийн театрт 1994 оны 5 дугаар сарын 28-нд  тавьж байжээ.


Антонио Гарсиа Гутиеррезийн 1836 онд бичсэн “Эль Троватор” хэмээх драмын жүжгээс сэдэвлэн Салваторе Каммарано 4 бүлэг 8 үзэгдэлтэй дуурийг бичжээ. Дуурийн үйл явдал XV зууны Испани оронд өрнөдөг.

Иргэний дайн, хайр сэтгэл, өшөө хорсол, үзэн ядалт бүхэн дуурийн үзэгдэлд гарах бөгөөд Манрико, гүнтэн Ди Луна хоёр ах дүү хэдий ч үүнийгээ мэдэхгүй. Хөгшин цыган Азучена хоёр хүүгийн ааваас эхийг нь хөнөөсний өшөөг авахаар бяцхан Манриког хулгайлж, өсгөн хүмүүжүүлсэн учраас тэр юм. Тэд Леонора гэх үзэсгэлэнт эмэгтэйд сэтгэл алдарч, хайр дурлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэлдэж, ах Ди Луна нь төрсөн дүүгээ хөнөөж буйгаар дуурийн үйл явдал өрнөнө. 

Холбоотой мэдээ