Пхеньянтай түншилдэг Хятадын компаниудын эсрэг хатуу хориг арга хэмжээ авна

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-10-07 13:50:15

ВАШИНГТОН./TASS/. Умард Солонгостой хамтран ажиллаж буй Хятадын компаниудын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаар АНУ төлөвлөж байгаа тухай “Foreign Policy” сэтгүүлд дурджээ.

“Цөмийн зэвсгийн нөөцтэй болохыг санаархаж буй Ким Жөн Уныг санхүүжүүлж байгаа Хятадын компаниудад хатуу хориг арга хэмжээ авах боломжийг Цагаан ордон судалж байна” гэж уг сэтгүүлд бичсэн байна.

Гэсэн хэдий ч одоо авах гэж байгаа болон өмнө нь авсан эдийн засгийн хатуу хоригууд нь АНУ-ыг Бээжинтэй сөргөлдөхөд хүргэнэ гэж болгоомжилж буй хүмүүс Цагаан ордонд олон байгаа аж.

Харин үүний эсрэгээр Вашингтоны зарим эрх мэдэлтнүүд хэлэхдээ, Иран руу хийж байсан мөнгөн гуйвуулгыг зогсоохын тулд хатуу хориг арга хэмжээ авсан нь 2013 онд тус улсын эрх баригчдыг хэлэлцээний ширээний ард суухаас аргагүй байдалд оруулсан тун үр дүнтэй арга хэмжээ болсон, энэ аргыг Хятадын компаниудад хэрэглэх нь зүйтэй гэдгийг онцолж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал илт хурцадсан учраас АНУ-ын эрх баригчид өмнөхөөс илүү хатуу хориг тогтоохоор төлөвлөж байгаа бололтой.

Б.Адъяахүү

 

Холбоотой мэдээ