НАТО-гийн тэргүүнээр Румыний Ерөнхийлөгчийг сонгохыг санал болгов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БУДАПЕШТ, 2024 оны тавдугаар сарын 28 /RT/. Нидерландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Марк Рюттег Умард Атлантын эвслийн шинэ ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжүүлэх тал дээр НАТО-гийн холбоотон орнууд Унгарын эрх баригчдыг ятгаж чадсангүй.
Энэ албан тушаалд Румыний Ерөнхийлөгч Клаус Йоханнисыг томилох саналтай байгаагаа Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто мэдэгджээ.
Тэрбээр Румыний Тыргу-Муреш хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Рютте өмнө нь “Унгарыг өвдөг сөхрүүлэх хэрэгтэй" гэж хэлж байсныг дурдаад “ийм байр суурьтай хүнийг 100 хувь харилцан зөвшилцдөг байгууллагын тэргүүнээр сонгоно гэж төсөөлөхөд ч бэрх" гэсэн байна.
Унгар улс Румыний Ерөнхийлөгчийг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгох саналыг тавьсаар байгаа гэдгийг тэрбээр дахин мэдэгдэв. Түүний хэлснээр, Йоханнис бол энэ албан тушаалд дэвшүүлсэн “зүүн зүгийн нэр дэвшигч” юм. "Эвслийн зүүн жигүүрийг бэхжүүлэх шаардлагатай гэж хүн бүр ярьж байгаа боловч зүүн зүгээс аюул заналхийлж байгаа үед Ерөнхий нарийн бичгийн даргыг зүүн жигүүрээс томилох хэрэгтэй гэж хэний ч толгойд яагаад ч юм орж ирэхгүй байна” гэж Сийярто хэлжээ.
Өнөөгийн хүнд нөхцөлд Йенс Столтенбергийг орлох НАТО-гийн шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлаар зөвшилцөх шаардлагатай гэж тэрбээр өмнө нь мэдэгдэж байсан юм. Йенс Столтенбергийн бүрэн эрхийн хугацаа 10 дугаар сарын 1-нд дуусна.