Парисын гэрээ хүчин төгөлдөр болох гэж байгаад ОХУ талархаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-07 10:37:38

МОСКВА. /TASS/. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын гэрээ хүчин төгөлдөр болохыг ОХУ талархан хүлээн авна гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Мэдэгдэлд, энэ гэрээ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг урт хугацаанд зохицуулах хууль эрх зүйн найдвартай үндэс суурийг тавина гэж найдаж байна гэжээ.

Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах хамтарсан зорилтыг биелүүлэх үйл хэрэгт бүх улс орныг нэгтгэх гэсэн зорилго Парисын гэрээнд агуулагдаж байгаад хамгийн гол давуу тал нь оршино гэж мэдэгдэлд дурдаад, энэ гэрээг хэрэгжүүлэхэд ОХУ идэвхтэй оролцоно гэдгийг  батлан илэрхийлсэн байна.

Үүний зэрэгцээ энэ гэрээг баталсан нь НҮБ-ын тогтолцоо үр дүнтэй байгааг батлан харуулсан чухал үйл явдал мөн гэдгийг онцоллоо.

Энэ сарын 5-нд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн албан ёсны цахим хуудсанд Парисын гэрээг соёрхон батлахад шаардлагатай улс орнуудын тоо гүйцсэн бөгөөд гэрээ 30 хоногийн дотор хүчин төгөлдөр болно гэж дурджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ