СЭЛЭНГЭ: Тэмцээнд 15-16 насны өсвөрийн дугуйчид хамгийн олон оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-26 12:29:45

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өсвөр үе, залуучуудын уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.

 

Сэлэнгэ нутгийн түүхэн дурсгалт Ханын хөндийд болж буй Өсвөр үе, залуучуудын уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхний өдрөө кросс каунтри төрөл буюу уулын бартаат замын тэмцээнээр эхэлсэн.

 

Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж буй тэмцээнд 12 байгууллагын 98 өсвөрийн эрэгтэй, эмэгтэй тамирчин 6 насны ангиллаар уралдаж, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.

 

Энэ тэмцээнийг 2019 онд Сэлэнгэ аймагт анх удаа зохиож байгуулж байсан бол 2 дахиа мөн хийж байна. Өнгөрсөн жил Ханын хөндийд насанд хүрэгчдийн сонирхогчдын уулын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан юм.

 

Тэмцээнд 15-16 насны өсвөрийн дугуйчид хамгийн олон буюу 29 тамирчин уралдаж байгаа нь тэмцээний онцлог боллоо. Дугуйн спортын залгамж халаа болсон өсвөрийн тамирчид сүүлийн жилүүдэд нэмэгдэж Монголын дугуйн холбооны хувьд маш их талархаж байна.

 

Дугуй өөрөө зардал их шаардсан техникийн спорт. Ийм учраас шинэ залуу тамирчдыг төрөөс бодлогоор дэмжин ажиллаж, Монгол Улс дугуйн спортын орон болно гэдэгт итгэж байна хэмээн МДХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран онцоллоо.

 

Холбоотой мэдээ