Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний олон улсын IV хурал Улаанбаатар хотноо болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.tuul@montsame.gov.mn
2024-05-24 15:35:12

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний олон улсын IV хурал Улаанбаатар хотноо энэ сарын 24-25-ны өдрүүдэд болж байна.


ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, гавьяат эмч П.Батчулуун энэ үеэр хэлэхдээ, "Олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар, манай улс эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа 93 орноос 41-42 дугаар байрт жагсаж байна. Эмчилгээний үр дүнгийн хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай эн чацуу, ерөнхий дунджаас дээгүүрт яваа. Цаашид энэхүү эмчилгээг удирдан чиглүүлж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг боловсролыг улам ахиулах, тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг хэрэгцээ шаардлага өдөр тутамдаа нэмэгдэж буй тул санхүүжилтийг тогтмол нэмж байх нь зүйтэй" гэлээ. Түүнчлэн тэрбээр УИХ-д өргөн бариад буй Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг батлуулснаар хууль, эрх зүйн хувьд дэвшил гарна гэж үзэж байгаагаа хэллээ.


Энэ удаагийн хуралд 10 гаруй орны 20 зочин профессор болон манай улсын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна. Хурлаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний одоогийн үр дүнг тооцох, шинэ дэвшилтэт технологи, инновацыг хэрхэн нэвтрүүлэх, судалгаа шинжилгээг үргэлжлүүлэн шинэ түвшинд хүргэх талаар хэлэлцэж буй.

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурлыг анх 2015 онд Монголын эрхтэн шилжүүлэн суулгах холбоо санаачлан зохион байгуулж байв. Түүнээс хойш Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөр, элэг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг хамтран гурван удаа зохион байгуулсан аж. 


Манай улс анагаахын шинжлэх ухааны шинэ дэвшилтэт технологи болох эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 1996 оноос нэвтрүүлжээ. Улмаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2006 оноос бөөр, 2011 оноос элэг, 2014 оноос ясны чөмөг, цусны үүдэл эс, Хавдар судлалын үндэсний төвд 2018 оноос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг тус тус эхлүүлсэн байна. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран хийж байна.





Холбоотой мэдээ