Оросын паралимпын тамирчид 2018 оны өвлийн наадамд оролцож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-10-07 09:23:24

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Паралимпын шигшээ баг 2018 онд БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн спортын наадамд оролцох эрхтэй болж магадгүй гэж ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко мэдэгдэв.

“Бид Оросын Паралимпын хороог төрийн хэмжээнд дэмжихэд бэлэн байна. Паралимпын хороо Олон улсын паралимпын хорооноос /ОУПХ/ чиглэл заавар авч, Оросын хөнгөн атлетикийн тамирчидтай холбоотойгоор гаргасан заалтуудыг дагаж мөрдөх хэрэгтэй" гэж тэрбээр ярьжээ.

Мөн "ОУПХ шалгуур үзүүлэлт гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол манай паралимпын тамирчид хувийн зүгээс зарга мэдүүлэх болно. Бид 2018 оны Паралимпын наадамд оролцоно гэж бодож байна” гэж В.Мутко хэлсэн байна.

Өнгөрсөн наймдугаар сарын 7-нд ОУПХ Оросын паралимпын шигшээ багийг 2016 оны зуны Паралимпын наадамд оролцохыг хориглосон билээ. ОУПХ Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн тайланд үндэслэн ийм шийдвэр гаргасан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ