Боксчдод туслахын тулд сэтгэцийн эрүүл мэндийн сан байгуулахыг уриалжээ

Дэлхийд | Спорт
sarnai@montsame.mn
2016-10-06 11:11:30

НЬЮ-ЙОРК. /BBC/. Боксын холбоодын удирдлагууд боксчдын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэх үүднээс тусгай сан байгуулах хэрэгтэй гэж Барри Макгуиган хэлжээ.

Хамгийн хөнгөн жинд дэлхийн аварга болж байсан өдгөө 55 настай тэрбээр эмчилгээ шаардлагатай үед мөнгө хөрөнгөөр тусалдаг шинэ байгууллага бий болоосой хүсч байдгаа илэрхийлжээ. “Сэтгэцийн эмгэгээс болж шаналж байгаа шилдэг тамирчдаа боксын холбоод тоохгүй явсаар ирсэн. Би ялангуяа Т.Фьюрид их санаа зовниж байна” гэж Макгуиган хэллээ.

Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга Тайсон Фьюри сэтгэл гутралд автан шаналж, үүнээс болж кокаин хүртэл хэрэглэж байжээ. Фьюри энэ сарын 29-нд Владимир Кличкотой хийх ёстой байсан даагаа нэхэх тулаанаас татгалзсан юм. Тэрбээр “боксоор хичээллэсэн нь миний хувьд хамгийн “уйтгартай зүйл” байсан бөгөөд зодог тайлахаа мэдэгдэж байна” гэж өөрийн  твиттер хуудсандаа бичжээ.

Олон улсын боксын холбооны /IBF/ Ерөнхийлөгч Дэрил Пиплз хэлэхдээ "Британийн Боксын хяналтын зөвлөл Фьюри-гийн бокс тоглох эрхийг нь цуцлах хэрэгтэй, тэгснээр энэ хүн эрүүл мэнддээ илүү анхаарах боломжтой болно” гэсэн байна.

Фьюри тавдугаар сард нэгэн бичлэг дээр ижил хүйстнүүдийг ад үзэж, эмэгтэйчүүдийг гадуурхаж, яс үндсээр ялгаварлан гадуурхах хандлага гаргаж байсныг Макгуиган  ихэд шүүмжилж байжээ. Хэдий тийм боловч тэрбээр хэлэхдээ “ямар нэгэн байдлаар Фьюрид туслах болно” гэсэн байна. 

Х.Сарнай

 

 

 

Холбоотой мэдээ