БАЯН-ӨЛГИЙ: "Тирлик" захын барилгыг ирэх сарын 1-нд ашиглалтад өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-07 14:59:14

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэдийг 1997 оноос хойш хэрэгцээт бараагаар хангаж байгаа "Тирлик" захыг стандартын шаардлага хангасан битүү худалдааны төв болгон шинээр барьж байгаа.


Тус захын наймаачид өмнө нь ил задгай орчинд үйл ажиллагаа явуулж ирсэн ба орчин нөхцөл нь эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, шаардлагыг хангадаггүй байсан.


Иймээс удирдлагууд нь захын орчин нөхцөлийг сайжруулах 5 жилийн төлөвлөгөө гаргаж, 80х60 метрийн харьцаатай, 9600 м.кв талбайтай, 140 автомашины зогсоолтой 2 давхар худалдааны төвийн барилгын ажлыг 2022 оны 5 дугаар сараас эхлүүлжээ. Бүтээн байгуулалтын ажлын нийт төсөвт өртөг нь 9 тэрбум төгрөг аж.


Одоо барилга угсралтын ажил 90 хувьтай байгаа. Захын удирдлагууд үлдсэн тохижилтын ажлыг тун удахгүй бүрэн дуусгаж, ирэх сарын 1-ний өдөр ашиглалтад оруулахаа илэрхийлэв.


Битүү худалдааны төв ашиглалтад орсноор тус захад үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй иргэн эрүүл ахуйн шаардлага хангасан тав тухтай орчинд иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм. 

Холбоотой мэдээ