“Тесла” компани Хятад, Европ, АНУ-д автомашиныхаа үнийг хямдруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-04-22 16:11:36

НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /Bloomberg/. Борлуулалт буурч, сэлбэгийн илүүдэл үүссэнтэй холбоотойгоор “Тесла” компани Хятад, Европ, АНУ-д цахилгаан автомашинуудынхаа үнийг хямдруулсан тухай Блүүмберг агентлаг мэдээлжээ


Хятадад тус компани “Model 3” загварынхаа үнийг 245 900 юаниас 231 900 юань (32 000 ам.доллар), “Model Y” загварын үнэ 263 900 юань байсныг 249 900 юань (34 500 орчим ам.доллар) болгон бууруулжээ.


“Model Y” загварын хамгийн хямд тохиргоотой нь АНУ-д одоо 42 990 доллароор зарагдаж байгаа бол илүү үнэтэй машинууд болох “Model S”, “Model X” загваруудын үнийг 2000 ам.доллароор хямдруулсан байна. 


Тус компани мөн Европ, Ойрхи Дорнод, Африкийн зарим оронд автомашиныхаа үнийг бууруулжээ. 


Илон Маскийн компани мөн бүрэн автомат жолоодлогын (Full Self-Driving, FSD) жолоочийн туслах программын үнийг 12 000 ам.доллароос 8 000 ам.доллар болгосон байна. “Тесла” саяхан уг программын шинэчлэлийг гаргасан бөгөөд компанийн гүйцэтгэх захирал Илон Маск наймдугаар сарын 8-нд роботаксиг танилцуулна гэж мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ