Сүмо бөхийн үзүүлэх тоглолт Токиод боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-10-05 10:39:27

ТОКИО. /NHK/. “Токио-2020” Олимп, Паралимпын наадам болохоос өмнө сүмо бөхийн талаарх ойлголтыг түгээх зорилго бүхий арга хэмжээг Токио хотод зохион байгуулжээ.

Японы сүмо бөхийн холбооны зохион байгуулсан уг арга хэмжээнд элчин сайдын яамдын ажилтнууд, гадаадын оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гээд 2300 орчим хүн оролцсон байна. Арга хэмжээ Кокүгикан сүмо бөхийн ордонд болжээ.

Сүмочид тэмцээн эхлэхээс өмнө хийдэг ёслолыг хийж, үсчид сумочдын өвөрмөц үсний засалтыг хэрхэн хийдэг болохыг харуулсан үзүүлэх тоглолт болсон байна.

Үүний зэрэгцээ хамгийн том цолтой хоёр бөх тэмцээний өмнөх ёслолыг гүйцэтгэсэн нь сүүлийн 21 жилд болоогүй тохиолдол юм.

Ёкозүна Харүмафүжи болон ёкозүна Какүрюү нар хамгаалах, дайрах гээд бөхийн үндсэн гурван техникийг хийж үзүүлсэн байна. Хамгийн сүүлд дээд зиндааны бөхчүүдийн барилдаан болсноор уг арга хэмжээ өндөрлөжээ.

Дэлхийн улс орнуудын хүн ард Японы соёл, түүх, уламжлалтай танилцаасай гэж би хүсдэг хэмээн Ёкозүна Харүмафүжи ярьсан байна.

Харин Ёкозүна Какүрюү хэлэхдээ, “Токио-2020” Олимпын наадамтай холбоотойгоор Япон улс олны анхаарлыг ихэд татаж байна гээд, бусад орны хүмүүс сүмо бөхийн тэмцээнүүдийг үзээсэй гэж хүсдэгээ илэрхийлэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ