Японы хүлэмжийн хийн ялгарал буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-04-12 17:33:24

ТОКИО, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /NHK/. Японы хүлэмжийн хийн ялгарал 2022 оны санхүүгийн жилд түүхэн доод хэмжээнд хүрч буурсан гэж тус улсын Байгаль орчны яам мэдэгджээ.


Тодруулбал, 2023 оны гуравдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд 1.135 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарсан нь өмнөх оныхоос 28.6 сая тонн буюу 2.5 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Энэ нь холбогдох мэдээллийг 1990 оноос цуглуулж эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт юм.


Байгаль орчны яамнаас мэдээлснээр, 2022 оны санхүүгийн жилд тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсэн байна. Үүнд автомашинаас ялгарах утаа мөн багтдаг. Харин эрчим хүч хэмнэх хүчин чармайлтын дүнд аж үйлдвэр, өрхийн эрчим хүчний хэрэглээ буурсныг онцлон тэмдэглэсэн байна.


Японы Засгийн газар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2013 оны санхүүгийн жилтэй харьцуулахад 46 хувиар бууруулахыг эрмэлзэж байгаа юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд дахин 23.1 хувиар бууруулах шаардлагатай гэж яамны мэдэгдэлд дурджээ.


Байгаль орчны сайд Ито Шинтаро хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, хүлэмжийн хийн ялгарал тогтмол буурч байгаа нь 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх зорилгодоо хүрэх замдаа орж байна гэсэн үг гэдгийг онцоллоо. Гэхдээ ирээдүйд сорилт бэрхшээл тулгарахыг мөн сануулав. Тус яам цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах, амьдралын хэв маягийг өөрчлөх зэрэг алхмуудыг хэрэгжүүлнэ гэдгийг тэрбээр мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ