Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-12 14:57:28

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс 6000 ширхэг цахилгаан скүүтэр залуусын хэрэглээнд нэвтэрлээ.


Цахилгаан скүүтрийг хэрэглэснээр цаг заваа хэмнэхээс гадна, агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж үзэж байгаагаа “Жет Скүүтэр” компанийнхан мэдээлэв. Зориулалтын бус зам талбайд скүүтрээр зорчиход хатуу, доргилт их байдаг тул илүү тав тухтай зорчих боломжийг олгож ийнхүү амортизатортай скүүтер оруулж ирснээ тус компанийнхан тодотголоо. 


Скүүтер хэрэглэгчдийн дийлэнх нь залуус байдаг. Тиймээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Жет Скүүтэр” компани Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг дэмжиж, хамтран ажиллахаар болжээ. Уг скүүтрийг ашиглахын тулд нэн түрүүнд аппликейшнээ татаж, хэрэглэгчээр бүртгүүлэх ёстой бөгөөд үнийн хувьд нэг минут нь 350 төгрөг байх ажээ.


Гэхдээ скүүтрийг зөвхөн 18-аас дээш насныхан түрээслэх бөгөөд бусдад саад болохгүй газар байрлуулах, газрын зураг дахь улаанаар тэмдэглэсэн бүс рүү скүүтэртэй орохыг хориглох, замаар гарахдаа аюулгүй байдлаа хангах зэрэг дүрэм журмыг баримтлах ёстой юм. 





Холбоотой мэдээ