Цагаачлалын тухай шинэ хэлэлцээрийг Европын парламент батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-04-12 10:07:23

БРЮССЕЛЬ, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Xinhua/. Европын Холбооны (ЕХ) хилээр нэвтрэх журмыг чангатгах, хариуцлагаа хуваалцахыг гишүүн орнуудад үүрэг болгосон цагаачлалын тухай ба орогнол олгох тухай шинэ хэлэлцээрийг Европын парламент баталлаа. 


Энэхүү баримт бичиг нь ЕХ-нд хууль бус цагаачлалтай тэмцэх, ЕХ-ны хилийн хамгаалалтыг бэхжүүлэх, орогнол олгох тогтолцоог шинэчлэх зорилготой гэж парламентын хэвлэлийн мэдээнд дурджээ.


Шинэ гэрээний дагуу ЕХ-нд нэвтрэх болзлыг хангаагүй цагаачдыг хэн болохыг нь тогтоох, биометрийн мэдээллийг нь цуглуулах, эрүүл мэндийн үзлэг хийх, аюултай эсэхийг нь шалгах зэрэг урьдчилсан хяналт шалгалтад хамруулна. Харин орогнол хүссэн өргөдлийг ЕХ-ны хил дээр хурдан шуурхай шийдвэрлэх бөгөөд ингэснээр нутаг буцаах арга хэмжээ илүү үр дүнтэй байх болно. Гишүүн орнууд орогнол хүсэгчдийг хариуцахдаа санхүүгийн хувь нэмэр оруулах эсвэл үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх хоёрын аль нэгийг сонгох шаардлагатай.


Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен энэхүү гэрээг баталсныг сайшаан мэдэгдэхдээ "Европын Холбоонд хэнийг, ямар нөхцлөөр нэвтрүүлэх вэ гэдгийг бид өөрсдөө шийдэх ёстой. Энд хууль бус наймаачид, хүний наймаачдад орон зай байхгүй" гэв.


"Гэрээ хүчин төгөлдөр болсноор бид шаардлагатай хууль эрх зүйн орчинтой боллоо" гэж фон дер Ляйен хэлээд "хилийн зохицуулалт, хууль бус наймаачидтай тэмцэх, хүмүүсийг буцаах талаар" улс орон бүр бие даан шийдвэрүүд гаргана гэдгийг нэмж дурдлаа.


Энэхүү гэрээг ЕХ-ны Зөвлөл албан ёсоор баталсны дараа хүчин төгөлдөр болох бөгөөд гишүүн орнууд уг журмыг хоёр жилийн дараа хэрэгжүүлж эхлэх төлөвтэй байна.


Өнгөрсөн онд ЕХ-ны хилийг хууль бусаар давсан 380 мянга орчим тохиолдол илэрсэн нь өмнөх оныхоос 17 хувиар өссөн ба 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж Европын хил, эргийн хамгаалалтын агентлаг нэгдүгээр сарын дундуур мэдэгдэж байв. 

Холбоотой мэдээ