Эмэгтэй хоёр, эрэгтэй гурван жинд сонгон шалгаруулалт явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-05 10:53:33

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооноос “Парис-2024” олимпын наадмын боксын төрөлд тамирчдын өрсөлдөх жинг баталсан байдаг.


Олимпод эрэгтэйчүүд 51 кг, 57 кг, 63.5 кг, 71 кг, 80 кг, 92 кг, + 92 кг гэсэн долоон жинд өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүд 50 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 66 кг, 75 кг-ын жинд аваргуудаа тодруулах юм.


Монголын боксын үндэсний шигшээ багийнханд олимпын эрх олгох ердөө ганцхан тэмцээн үлдсэн. Боксчидоос эмэгтэйчүүдийн 50 кг-д олон улсын хэмжээний мастер О.Есүгэн ганцаараа эрхээ авсан. Тэгвэл олимпын эрхийн сүүлчийн тэмцээний 51 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д залуучуудын улсын аварга Н.Отгонбат, +92 кг-д Х.Бекнур нар олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа оролцохоор болжээ.


Харин бусад жинд сорил явуулна. Тодруулбал, маргааш Хандгайт дахь “Олимп” спорт цогцолборт эмэгтэйчүүдийн 54, 57, эрэгтэйчүүдийн 57, 63.5, 71 кг-ын жинд сонгон шалгаруулалт хийх аж. Эмэгтэйчүүдийн 54 кг-д Л.Алтанцэцэг, М.Энхжаргал, А.Мичидмаа нарыг сорилгод оруулж, ялсныг нь олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд илгээнэ. Харин 57 кг-д Т.Болортуул, Т.Номин-Эрдэнэ нарын ялсан нь Бангкокийг зорих аж.


Тэгвэл эрэгтэйчийн долоон жингээс гуравт нь сорил явуулна. Тодруулбал, 57 кг-д Х.Энх-Амар, Г.Лундаа нарын ялсан нь олимпын эрхийн тэмцээн эх орноо төлөөлөх юм. Харин 63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, олон улсын хэмжээний мастер Т.Энхтөр, Б.Буяндалай, О.Тулга гэсэн дөрвөн тамирчны дунд сорилтой. Түүнчлэн 71 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Мишээлт, О.Бямба-Эрдэнэ нарын дунд сорил болно. Ялсан нь Тайландыг зорьж, ялагдсан нь гэртээ үлдэх юм. 

Холбоотой мэдээ