Айко гүнж Улаан загалмай нийгэмлэгт ажиллаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-04-01 17:04:56

ТОКИО, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /Kyodo/. Япон эзэн хаан Нарүхито, хатан Масако нарын ганц хүүхэд болох гүнж Айко өнөөдрөөс Японы Улаан загалмай нийгэмлэгт ажиллаж эхэлжээ. 


Тэрбээр гэрээт ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд сайн дурын ажилтнуудыг сургадаг хэлтэст ажиллахын зэрэгцээ албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа гэж Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газраас мэдээллээ.


“Миний бие нийгэмлэгийн гишүүний хувиар анхны алхмаа хийж байгаадаа баяртай байна” гэж Айко гүнж Токиогийн Минато дүүрэг дэх Улаан загалмай нийгэмлэгийн төв байранд сэтгүүлчдэд хэлжээ. Тэрбээр даваа гаргаас төв оффист ажиллаж эхлэх найман шинэ ажилтны нэг юм. Айко өнгөрсөн сард Гакүшюин их сургуулийг Японы уран зохиол судлалаар төгссөн юм.


Нийгэмлэгийн гишүүнээр ажиллах өдрүүд маань дөнгөж эхэлж байгаа хэдий ч ажлын байрандаа хурдан дасан зохицож, өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээх болно гэж тэрбээр хэлээд эцэг эх нь өөрт нь амжилт хүссэнийг дурджээ. Улаан загалмай нийгэмлэг нь эзэн хааны гэр бүлтэй нягт холбоотой байдаг бөгөөд хатад нь хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг.


Эзэн хааны гэр бүлийнхэн өнөөдөр өөрсдийн тухай олон нийтэд илүү тодорхой ойлголт өгөхийн тулд “Инстаграм” сүлжээнд албан ёсны хаягаа нээснээр олон нийтийн сүлжээнд анх удаа хаягтай болжээ. Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газрын нэрээр нээсэн уг хаягт эзэн хаан, хатан, гүнж нарын шинэ жилээс гуравдугаар сарын хооронд авахуулсан 10 гаруй гэрэл зураг, дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Даваа гаргийн үдийн байдлаар уг хаягийг дагагчдын тоо бараг 200 мянгад хүрчээ.


Холбоотой мэдээ