Олимпын үеэр аюулгүй байдлыг хангахад олон улсаас тусламж хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-03-30 12:18:07

ПАРИС, 2024 оны гуравдугаар сарын 30 /DW/. Энэ зун болох Парисын Олимпын үеэр аюулгүй байдлыг хангахад туслуулахаар цагдаагийн алба хаагчид болон цэргийн бус албан хаагчдаа  илгээхийг 45 улсаас хүссэн гэж Францын Дотоод хэргийн яам баасан гарагт мэдэгдэв.


Түүнчлэн Францын Батлан хамгаалах яам наадмын үеэр "маш нарийн" үүрэг даалгавар гүйцэтгэх гадаадын цэргийн цөөн тооны албан хаагчийг илгээхийг мөн хүссэн байна. 


Франц улс эдгээр хүсэлтийг нэгдүгээр сард буюу Москвагийн концертын танхимд 143 хүний аминд хүрсэн террорист халдлага үйлдэгдэхээс өмнө гаргажээ. Уг халдлагын хариуцлагыг  "Лалын улс" бүлэглэл хүлээсэн юм. 


Францын цэргийн төлөөлөгч хэлэхдээ, аюулгүй байдлын нөхцөл байдал, ялангуяа сүүлийн долоо хоногт болсон үйл явдлууд нь Олимпын наадмын үеэр өндөр сонор сэрэмжтэй байх ёстойг харуулж байна гэлээ. 


Франц улс Олимпын наадмын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?


Парист ирэх долоодугаар сарын сүүлээс наймдугаар сарын эцэс хүртэл үргэлжлэх Олимп, Паралимпын үеэр аюулгүй байдлыг хангахын тулд Францын 45 мянган цагдаа, аюулаас хамгаалах хүчнийхэн, 20 мянган хувийн хамгаалалтын албаны ажилтнууд, 15 мянган цэргийн албан хаагчдыг дайчлахаар төлөвлөж байна. 


Гэхдээ одоогоор аюулгүй байдалтай холбоотой төлөвлөгөөг эцэслэн боловсруулж дуусаагүй байгаа ажээ. Францын Засгийн газрын мэдээлснээр, 35 орон аюулгүй байдлыг хангахтай холбоотой хүсэлтэд нь нааштай хариу өгсөн байна. 


Польшийн Батлан хамгаалахын сайд Владислав Косиниак-Камыш пүрэв гарагт Х хуудсандаа "Польшийн зэвсэгт хүчин 2024 оны Олимпын наадмын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Францын байгуулсан олон улсын эвсэлд нэгдэнэ" гэж бичжээ. Тус улс цэргүүд болон үнэрч нохой сургагчдыг илгээх аж.


Мөн Их Британи, Итали зэрэг Европын бусад холбоотнууд гудамжинд эргүүл хийхэд туслахын тулд цагдаагийн ажилтнуудаа илгээнэ гэж дипломатчид мэдэгджээ. Мөн Израил, АНУ зэрэг улсууд баг тамирчдаа хамгаалахын тулд аюулгүй байдлын хүчний ажилтнуудаа илгээх ажээ.

Холбоотой мэдээ