ТӨВ: Дэлхийн хүүхдийн номын өдөрт зориулан үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-28 20:11:08

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нийтийн номын сангийн хүүхдийн уншлагын танхимд “Дэлхийн хүүхдийн номын өдөр”-т зориулсан 300 номын үзэсгэлэнг дэлгэлээ.

 


Олон улсын хүүхдийн номын өдрийн зорилго нь хүүхдийг бага наснаас нь номд дуртай болгон хүмүүжүүлэх юм. Энэ өдрийг дэлхийн улс орнуудад хүүхдийн номын үзэсгэлэн, хүүхдийн номын зохиолчидтой уулзалт хийх, хүүхдэд ном бэлэглэх зэргээр тэмдэглэдэг байна.


“Дэлхийн хүүхдийн номын өдөр”-ийг 1967 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тэмдэглэсээр ирсэн. Энэхүү өдрийг 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотод төрсөн Ханс Кристиан Андерсены мэндэлсэн өдрөөр тэмдэглэдэг. Түүний  “Нугасны муухай дэгдээхэй”, “Эрэлхэг тугалган цэрэг”, Бяцхан лусын дагина”, “Ямх охин” “Шүдэнз зардаг бяцхан охин”, “Цасан хатан” зэрэг зохиолыг дэлхийн өнцөг булан бүрд хүүхдүүд уншдаг. 

 

Түүний бүтээлүүд дэлхийн 150 гаруй хэлээр орчуулагдсан бөгөөд зохиолуудаас нь сэдэвлэсэн хүүхэлдэйн кино, уран сайхны кино элбэг бий.

Төв аймгийн хэмжээнд “Нугасны муухай дэгдээхэй”, “Ямх охин”, “Бяцхан лусын дагина” зэрэг зохиолыг жилд дунджаар 700-1000 гаруй хүүхэд уншдаг байна. 

Холбоотой мэдээ