Галт тэргэнд хаяж гээсэн эд зүйлсийг олоход хиймэл оюун ухаан ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-03-26 17:41:34

ТОКИО, 2024 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Японы төмөр замын компаниуд хаяж гээсэн эд зүйлээ хайж буй үйлчлүүлэгчдэд зориулсан үйлчилгээг сайжруулахын тулд хиймэл оюун ухааны технологид шилжиж байна.


Токиогийн төмөр замын оператор Кейкю корпорац эд зүйлээ хаяж гээсэн талаар жилд 200 мянга орчим гомдол хүлээн авдаг байна. Иймд хайлтын үйлчилгээг хурдасгахын тулд ирэх сараас хиймэл оюун ухаанаар ажилладаг системийг ашиглаж эхлэхээр болжээ.


Уг технологи нь хэрэглэгчид эд зүйлээ хэзээ, хаана хаяж гээгдүүлсэн зэрэг мэдээллийг өгөхөд чатын функцийг ашиглах ба улмаар хаяж гээсэн болон олдсон эд зүйлсийн мэдээллийн сангаас нягтлан шалгах аж.


Хэрэглэгчид мөн ижил төстэй зүйлсийн зургийг байршуулах боломжтой бөгөөд систем нь мэдээллийн сангаас адил эд зүйлсийг сонгон харуулах юм. Шинэ систем цаг хэмнэнэ гэдгийг Кейкю”-гийн ажилтнууд онцлоод, бусад үйлчилгээг сайжруулахад хэмнэсэн цагаа ашиглах боломжтой хэмээн ярилаа. Хиймэл оюун ухаант хайлтын системийг “Кюшю Рейлвэй”, “Кэйо” корпорац зэрэг бусад төмөр замын операторууд хэдийнээ ашиглаад эхэлжээ.

Холбоотой мэдээ