Боомтыг төр, хувийн хэвшлийн хамтарсан корпорац удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-25 13:25:34

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. “Боомтын сэргэлт” үндэсний форум өнөөдөр “Боомтыг сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлгээр МҮХАҮТ-д эхэллээ.


Хэлэлцүүлгийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нээв. Тэрбээр, Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлт”-тийн хүрээнд Монгол Улс баруун, зүүн, төвийн гэсэн  гурван чиглэлээр босоо тэнхлэгийн логистик, тээврийн коридорыг бий болгож эндээ боомтуудыг багтаан уялдуулан хөгжүүлэхэд онцгой анхаарч байна гэв.

Энд төр, засгийн зүгээс хөрөнгө оруулж боомтын цогцолборыг өргөжүүлэхээс гадна хувийн хэвшлийнхнийг мөн хөрөнгө оруулахыг урьж, уриалж байгаа.  

Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн оролцоотойгоор концессын гэрээний дагуу боомтууд руу авто болон төмөр зам мөн тавьж байна. Төмөр замын терминаль, боомтуудын дэргэдэх нүүрсний ордууд дээр автомат удирдлагатай тавцант тээврийн зэрэг олон төрлийн зам ашиглалтад орж буйг дурдлаа. Түүнээс зарим зүйлийг тодруулав.


-Боомтын удирдлага менежементийг корпорац хэлбэрээр авч явна гэж та нээлт дээр хэллээ. Энд хувийн хэвшлийнхнийг хэрхэн оролцуулах вэ?

-Боомт гэдэг 1990-ээд оноос өмнө хил зөрчихтэй холбоотойгоор зөвхөн хил хяналт, хамгаалалтын үүрэгтэй ажиллаж хилийн байгууллага удирдан зохицуулж ирсэн бол түүнээс хойш чөлөөт худалдаа, зах зээлд нэвтрэлээ гэдгээр гаалийн байгууллага өнөөдрийг хүртэл хяналт тавьж татвар хураах байдлаар явж ирлээ. Энэ хооронд менежмент нь орхигдсон.


Боомтын удирдлага менежментийг төр, хувийн хэвшлийн хамтарсан корпорац хэлбээр авч явна.


Боомт гэдэг өөрөө үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй. Үүнээсээ ашиг орлого олж, эргээд түүгээрээ боомтоо өргөтгөдөг, худалдааг аль болох хурдан шуурхай, хүндрэлгүй явуулахад боомт корпорацийн хэлбэрээр ажиллаж үйл ажиллагаагаа явуулна. Корпорацад төрөөс гадна хувийн хэвшил оролцох учиртай. Энд мэдээж шалгуурууд тавигдана.

Хяналтын байгууллага, орон нутгийнхан, төр хамтран ажиллахдаа хувийн хэвшлийнхнийг хааж боодог нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр энэ бүтцийг байгуулна. Боомт бүрд ийм корпорацийг байгуулснаар боомтууд хоорондоо өрсөлдөж, уралдан хөрөнгө оруулалт татдаг болно.


-Боомтуудын бүтээн байгуулалт өнөөдөр хэдэн хувьтай явна вэ?

-Өнөөдрийн байдлаар хилийн 22 боомтоос 8 дээр нь өнгөрсөн онд бүтээн байгуулалт хийснээс 3 боомтынх бүрэн дуусаж, 2 боомтынхыг энэ оны эхний хагаст дуусгахаар ажиллаж байна. 2024 онд нэмж 3 боомтын цогцолборыг өргөтгөхөөр бүтээн байгуулалт эхэлсэн. Ингэснээр Монгол Улсын гадаад худалдаа, валютын орлогын гарц, орц шинээр нээгдэн нэмэгдэж, эдийн засагт гол хөдөлгөгч хүч болох боомтуудын сэргэлт алхам алхамаар урагшилж байна.


-Өнгөрсөн хугацаанд боомтуудыг хэр цахимжуулсан бэ?

-Цахимжилт сайн явагдаж байгаа. Гаалийн байгууллагын шугамаар, хилийн худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэд хэдэн төслийг хэрэгжүүлсэн. Боомтууд дээр ухаалаг гарцуудыг суурилуулж байна. Ачаа тээврийн гарцаас гадна зорчигч тээврийн хувьд ч тэр цахим паспорт ашиглан штамп даруулахгүйгээр нэвтрэх боломжтой болсон. Хилээр нэвтэрч буй бараа, бүтээгдэхүүний бүртгэл болон гарч буй эсэхийг интернэтээр бүрэн хянах боломжийг бүрдүүлсэн гэв.


Тэрбээр, хилийн томоохон боомтуудыг хөрш БНХАУ, бусад улс оронд “Боомт хот” гэдгээр цогцоор авч үзэн хөгжүүлж буй зарчмаар, цаашид боомтуудаа өргөжүүлэхийн тулд Боомтын өөрийн хууль болон боомттой холбоотой бусад хууль эрх зүйг шинэчлэхээс эхэлнэ гэдгийг онцолсон юм.


Хилийн боомтууд зөвхөн цогцолборын түвшинд бус илүү хотын түвшинд, бүс нутгийн хэмжээнд төлөвлөн хэрэгжүүлж байж хөгжинө.




“Боомтын сэргэлт” үндэсний форум мөн өнөөдөр ГХЯ-нд “Далайн эрх зүйн конвенц ба Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж, хуурай боомтын хөгжил” симпозиумоор үргэлжлэв. Маргааш, 3 дугаар сарын 26-нд форумын албан ёсны нээлт “Шангри-Ла” зочид буудалд болж, төр, засгийн удирдлагууд боомтын хөгжлийн талаар илтгэл хэлэлцүүлэх юм. 

Холбоотой мэдээ