ДОРНОГОВЬ: Мобайл технологийг амжилттай нэвтрүүлж хүн амынхаа 91 хувийг үзлэгт хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сумын Өрхийн эрүүл мэндийн төв 21 орон тоотой бөгөөд одоогоор 17 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж, хөдөөгийн багт хоёр залуу их эмч малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
2019 онд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн дэмжлэгээр орон нутагт анх удаа “Мобайл технологи” төслийг амжилттай хэрэгжүүлж, хүн амынхаа 91,9 хувийг үзлэгт хамруулан, эмнэлзүйн ховор тохиолдол, хавдар, сүрьеэ, зэрэг олон өвчнийг эрт шатанд нь илрүүлэн эмчилгээнд хамруулснаар орон нутгийн иргэдийн талархлыг хүлээжээ.
Төслийг үргэлжлүүлэн жил бүр мобайл үзлэгийг орон нутагтаа зохион байгуулж, үүнд орон нутгийн удирдлагуудаас оношлуураар хангаж, оношилгооны аппаратуудын хүчин чадлаа жил бүр нэмэгдүүлж байна. Эмнэлгийн орчин нөхцөлийг иргэдэд ээлтэй, ая тухтай болгох зорилгоор "Брэндбүүк"-ийг анхан шатлалын эмнэлгүүдээс анх нэвтрүүлж, “Шилдэг үйлчилгээ-тэргүүн тохижолт” аяныг хамт олноороо өрнүүлэн, гадна, дотор орчиндоо тохижолт, засвар үйлчилгээ зэрэг нийт 108 ажил хийжээ.
Үүний үр дүнд эмнэлгийн орчин тохилог болж, иргэд үйлчлүүлэх, албан хаагчид ажиллах ая тухтай орчныг бүрдүүлжээ.