М.Шульц: Унгарт санал асуулга явуулж байгаа нь аюултай тоглоом

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-10-02 19:10:57

БЕРЛИН./TASS/. Европын Холбооноос /ЕХ/ гаргасан дүрвэгчдийн квотыг зөвшөөрөх эсэх асуудлаар Унгарт явуулж буй бүх нийтийн санал асуулга нь Европын эв нэгдлийг эргэлзээтэй болгоно гэж Европын парламентын дарга Мартин Шульц хэвлэл мэдээллийн Funke группт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.й

“Дүрвэгчдийг хуваарилах квот ёсоор Унгар улс ердөө 1300 хүн хүлээн авах ёстой. Гэтэл ийм асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж байгаа нь аюултай тоглоом мөн” гэж тэрбээр үзэж байна. Түүний бодлоор, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ЕХ-ны үндсэн зарчмуудыг үл тоомсорлож байгаа аж.

Ноён Шульц цааш нь хэлэхдээ “дүрвэгчдийн асуудлаар өөр байр суурьтай байгаа улс орнуудад олгох санхүүжилтийг хасах нь зүйтэй” гэсэн байна. Үүний сацуу тэрбээр Унгарыг ЕХ-ноос гаргахын эсрэг байгаагаа илэрхийлээд “энэ нь ямар ч ашиггүй” гэжээ.

Өнөөдөр Унгар улсад ЕХ-ны дүрвэгчдийн квотыг зөвшөөрөх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болж байгаа билээ. Түүнд оролцогчид “Улсын хурлын /парламент/ зөвшөөрөлгүйгээр Унгарын иргэн биш хүмүүсийг Унгар улсад шилжүүлэн суурьшуулах шийдвэрийг Европын Холбоо гаргахыг та зөвшөөрөх үү?” гэсэн цорын ганц асуултад хариулах ёстой юм.  

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ