“Орфей” театрын ээлжит сэтгэлзүйн драм хөшгөө нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-14 11:33:10

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн бүтээл 1984 романаас сэдэвлэн бүтээсэн постдрамын жүжиг энэ сарын 21-нд нээлтээ хийнэ.


Улаанбаатар зочид буудлын их танхимд тоглох тус жүжгийн найруулагчаар Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү Батболд ажилласан бол дүрүүдийг гавьяат жүжигчин Г.Равдан, Ц.Төмөрхуяг, С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, жүжигчин М.Мөнхбат Б.Оюунбаатар, П.Оюунчимэг нар амилуулах аж. Харин зохиолыг нь СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш Я.Баяраа бичсэн байна.



“Орфей” театраас өмнө нь Германы сонгодог зохиолч Гетёгийн “Фауст”, Оросын суутан Михиал Достоевскийн романаас сэдэвлэсэн “Гэм Зэм”, Америкийн зохиолч Жон Патрикийн “Опал”, зохиолч С.Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” зэрэг жүжгийн үзэгчдийн хүртээл болгож байсан юм.


Жүжгийн зохиолыг бичсэн Я.Баяраа “Энэхүү жүжгийн зохиолд сэтгэлзүйн драм төрлийг голдуу харуулахыг зорьсон. Амьдралаа эргэцүүлэн боддог, өөрийнхөөрөө сэтгэдэг хүмүүс эрх чөлөөг жинхэнэ утгаар нь эдэлдэг. Тийм нийгэмд эрх чөлөө оршдог. Уг зохиол бодож эргэцүүлдэг хүний өмнө дааж давшгүй их бэрхшээл учралаа ч өөрийнхөөрөө бодож, сэтгэж амьдарсны үнэ юутай ч зүйрлэхийн аргагүй гэх утга санааг агуулж буй. Өөрийнхөө үзэл бодол, эрх  чөлөөний төлөө тэмцэж буй бие хүний драмыг бий болгосон” хэмээн ярилаа.  

Холбоотой мэдээ