Питер Морроугийн нэрэмжит "Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-03-14 11:10:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ нь АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Хаан Банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-гийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийг долоо дахь жилдээ зарлаж байна. 


Мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус тэтгэлэгт хөтөлбөрт уран бүтээлчид өөрийн туурвих гэж буй шинэ бүтээлийн саналаа ирүүлж оролцох боломжтой. Энэ удаа урлагийн төрөл харгалзахгүйгээрээ онцлог ажээ.


Тэтгэлэгт хөтөлбөрт оролцох уран бүтээлчид мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, бүтээлийн санаа шинэлэг, давтагдаагүй, шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай, бүтээлийг олон нийтэд толилуулахад нээлттэй байх зэргийг хангах шаардлагатай.


Сонгон шалгаруулалтыг уран бүтээлчдийн тэтгэлэгт уралдаанд ирүүлсэн материалын танилцуулгад тулгуурлан МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэх юм.


Шинээр бүтээж буй уран бүтээлийн дэлгэрэнгүй танилцуулга (агуулга, утга санаа) үзүүлэх материалын хамт, уран бүтээлчийн дэлгэрэнгүй танилцуулга, баг хамт олон бол багийн гишүүн тус бүрийн дэлгэрэнгүй танилцуулга зэрэг материалыг бүрдүүлнэ.


Уралдааны материалыг 2024 оны гуравдугаар сарын 25-ны дотор pgram@artscouncil.mn хаягаар хүлээн авах юм. 

Холбоотой мэдээ