Удирдлагын академи Потсдамын Их сургуультай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-03-10 09:05:13

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, Элчин сайд Б.Мандахбилэг нар Потсдамын Их сургуулийн Эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны факультетын декан Пр.Майк Хэйнэманн, Потсдамын Их сургуулийн дэргэдэх “Up Transfer” ХХК-ийн захирал Др.Андриас Болэн болон албаны бусад хүмүүстэй Потсдам хотноо энэ сарын 8-ны өдөр уулзаж, хоёр талын боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.


Энэхүү уулзалтаар ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд байгуулсан “Монгол Улсын Удирдлагын академи, Потсдамын Их сургуулийн дэргэдэх “Up Transfer” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, тухайлбал, Потсдамын Их сургуульд хэрэгжиж буй төрийн бодлого судлалын магистрын хөтөлбөрийг Удирдлагын академид нэвтрүүлэхэд шаардлагатай боловсон хүчин, санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтжээ. Мөн Потсдамын Их сургууль, Парисын Их сургууль хооронд хэрэгжүүлж буй хамтарсан сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам цахим хуудсандаа мэдээлжээ. 

Холбоотой мэдээ