Ардын жүжигчин Э.Амартүвшин гала тоглолтоор үзэгчидтэйгээ уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-28 11:26:36

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардын жүжигчин, The Lyric’s Oscars шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин ирэх сарын 9-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Макбет” дуурьд дуулахаар эх орондоо ирэх гэж байгааг бид мэдээлсэн.


Тэгвэл үүний маргааш нь буюу гуравдугаар сарын 10-нд дэлхийн төдийгүй Монголын шилдэг сонгодог бүтээлүүдээс бүрдсэн гала тоглолт хийхээр болжээ. Түүний энэ тоглолтод Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид оролцох аж.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тоглох уг тоглолтын тасалбар суудлын зэрэглэлээс хамааран 150-300 мянган төгрөг үнэтэй худалдаанд гарчээ.  


Тэрбээр “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие яг одоо Испанийн Биллбау хотод ажиллаж байна. Өнөөдөр тус хотын Дуурийн театрт болж байгаа “Риголетта” дуурийн сүүлийн тоглолт эхлэх гэж байна. Хэдхэн хоногийн дараа эх орондоо очно. Өнгөрсөн онд Дуурь, бүжгийн эрдмийн театрын маань 60 жилийн ой тохиосон. Энэ хүрээнд театрынхаа удирдлагууд, уран бүтээлчидтэй уулзсан. Энэ үеэр театрынхаа тайзан дээр уран бүтээлд, тоглолтод дуулж өгөх амлалт өгсөн. Амлалтаа биелүүлэхээр Монгол орон руугаа явах гэж байна. Та бүхэн маань гуравдугаар сарын 9, 10-нд ДБЭТ-т ирж гоё тоглолт үзэж, сонирхоорой. Удахгүй Дуурийн театрын тайзнаа уулзъя” гэжээ.  


Дашрамд сонирхуулахад, 9-нд тоглох “Макбет” дуурийн тасалбар ч мөн 150-300 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарын 95 хувь нь зарагдсан байна. 

Холбоотой мэдээ