ӨМНӨГОВЬ: Борзонгийн говийн их тойром

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-02-28 11:32:52

Даланзадгад, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших Борзонгийн говийн их тойром нь Говь Алтайн нурууны төгсгөл болох Хөрхийн уулын баруун өвөр энгэрт байдаг.


Номгон сумын өмнөд хэсэгт зүүн уртрагийн 105”30*, хойд өргөргийн 42”20* солбицолд зүүн урагшаа чиглэн 80 орчим километр үргэлжилж, 2100 хавтгай дөрвөлжин км нутгийг эзэлдэг.


Борзонгийн говь дундуураа 12 км урт шал тойромтой, олон бүрд задгайтай, хулан, хар сүүлт, зээр, хавтгай, үнэг, дорго, шилүүс зэрэг амьтан элбэгтэй.

Энэ бүс нутаг нь шинэ чулуун зэвсгийн үед хүн амьдарч байсныг гэрчлэх түүхийн ховор дурсгал бүхий түүхэн газрын өлгий юм. Борзонгийн говь нь хойд талаараа Хөрх, урдуураа Халзан, баруун өмнө талаараа Цохио зэрэг эргэн тойрон олон уулаар хүрээлэгдсэн, зүүн талаараа Гурван гүний битүү загтай урт хоолойтой.


Бударгана, хамхуул, шарилж зэрэг бэлчээрийн ургамал сайтайн дээр хоолойгоо даган заг, сондуул, зэгс, дэрстэй хужир мараа бүхий зөөлөн элсэнцэр хөрстэй, өвөлд нь цас бага унаж урин дулаан өвөлждөг тэмээн сүрэгт тохиромжтой үзэсгэлэнт нутаг юм.


Өмнөговь аймаг "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд говийн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж байна. Энэхүү зорилт хэрэгжиж эхэлбэл Борзонгийн говь төдийгүй Зээмгийн говь, Галбын говь зэрэг Өмнийн их говиудад аялал жуулчлал хөгжих өргөн боломж нээгдэж байгаа юм. 


Холбоотой мэдээ