Японд төрөлт түүхэн доод түвшинд хүрч буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 27 /Kyodo/. Японд 2023 онд шинээр төрсөн хүүхдүүдийн тоо түүхэн доод үзүүлэлтэд хүрч, хүн амын тоо хамгийн ихээр буурсныг тус улсын засгийн газраас өнөөдөр танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа.
Японы Эрүүл
мэндийн яамнаас танилцуулсан урьдчилсан мэдээллээр, 2023 онд төрөлт өмнөх
оныхоос 5.1 хувиар буурч, 758 631 болсон байна. Энэ үзүүлэлт 2022 оноос хойш
800 мянгаас буураад байгаа юм. Түүнчлэн оршин суух эрхтэй гадаадын иргэдийг
оруулсан хүн амын тоо 831 872-оор буурчээ.
Мөн өнгөрсөн онд нас
барсан хүний тоо 1 590 503-д буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн бол гэрлэлтийн
тоо дэлхийн II дайнаас хойших
хамгийн доод түвшинд хүрч, 500 мянгаас доошилжээ. Шинээр төрсөн хүүхдүүдийн
тоо огцом буурч байгаа нь хожуу
гэрлэлт болон ганц бие хүмүүсийн тоо өсөж буйтай холбоотой.
Ерөнхий сайд Кишида Фүмиогийн засаг захиргааны зүгээс 2030 он хүртэлх хугацааг энэ чиг хандлагыг өөрчлөх “сүүлчийн боломж” гэж тодорхойлжээ. Төрөлт буурч байгаатай тэмцэх зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл зэрэг холбогдох хууль тогтоомжуудыг Засгийн газраас парламентын энэ удаагийн чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.