АХБ инфляцийн түвшинг ирэх онд 5.4 хувь болж өснө хэмээн дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-09-30 13:58:44

Азийн Хөгжийн Банкны эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг гаргадаг “Азийн хөгжлийн төлөв”-ийн 2016 оны сүүлчийн тодруулга тайлан гарсан байна.

Тэгвэл өнөөдөр Шангрила зочид буудлын хурлын танхимд АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын  Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн, Ахлах эдийн засагч Норио Усуй нар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлвийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Энэ удаагийн тайланд   АХБ-ны судалгаагаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг харьцангуй өндөр байхаар таамаглажээ. Тодруулбал, 2016 оны эхний хагаст 1.4 хувь болж саарсан  ч 2016 оны эцсийн байдлаар жилийн өсөлт 0.3 хувь, 2017 онд 1.4 хувь болох таамгийг дэвшүүлсэн байна.  

 “Азийн хөгжлийн төлөв”-т Монголын эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүлэх  Оюу толгой төслийн 2-р үе шат далд уурхайн бүтээн байгуулалт  ирэх хавраас сэргэх хандлагатай байгаа хэмээн онцолжээ. Мөн хүнсний нэрийн бүтээгдэхүүнүүд болон түлшний үнийн харьцангуй тогтвортой байдал төгрөгийн сулрал, төсвийн тэлэх бодлого, мөнгөний нийлүүлэлтээс үүдэх инфляцийн өсөлтийн эсрэг сөрөг нөлөөллийг үзүүлснийг тодотгон инфляцийн түвшин энэ жилийг дуустал 3.2 хувь орчим байх бол 2017 онд 5.4 хувь болж өснө хэмээн үзсэн байна. 

Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн  хэлэхдээ, “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж уул уурхайд түшиглэсэн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй болгох нь эдийн засгийг төрөлжүүлэх, бүтээмжийг эрчимжүүлэх нэг алхам болно. Монгол Улсын хувьд бараа бүтээгдэхүүний экспорт оны эхний долоон сарын байдлаар өмнөх онтой харьцуулбал 9.6 хувиар буурсан бол импорт 17 хувиар буурч худалдааны тэнцэл илүү өндөр ашигтай, урсгал тэнцэл харьцангуй бага алдагдалтай гарах нөхцлийг бүрдүүлсэн нь төлбөрийн тэнцлийн алдагдал 46 сая ам.доллар болж буурахад нөлөөлсөн. Гэсэн ч гадаад валютын цэвэр нөөц хасах үзүүлэлт рүү орсон. 2017-2018 онуудад гадаад өрийн их хэмжээний эргэн төлөлт хүлээгдэж байгаа зэрэг нь төлбөрийн тэнцэлд томоохон дарамт учруулж, ирэх хугацаанд урсгал дансны алдагдал өргөсөж гадаад өр төлөгдөх хэрээр энэ байдал үргэлжлэх төлөвтэй. Засгийн газрын сүүлд авсан гадаад өрийн нөлөөллөөр гадаад валютын албан нөөц зургадугаар сарын эцсээр 1.3 тэрбум ам.доллар буюу 3-аас дээш сарын импорттой тэнцэх хэмжээнд очлоо.Төгрөгийн ханш суларсны улмаас Төв банк бодлогын хүүгээ 4.5 пунктаар өсгөж 15 хувьд хүргэх шийдвэрийг 8-р сард гаргасан. “Дэлхийн зах зээл дээрх эрдэс түүхий эдийн үнийн савалгаа, гадаад санхүүжилтийн олдоц болон гадаад өрийн томоохон эргэн төлөлт зэргийг таамаглалын гол эрсдэл”  хэмээн тодотгов.

Тэрээр дээрх эрсдлүүд байгаа ч "Монгол Улсын хэтийн төлвийг  гэрэл гэгээтэй байна хэмээн онцолсон.

Б.Заяа

 Гэрэл зургийги Б.Чадраабал

Холбоотой мэдээ