СҮХБААТАР: Хамба егүзэр хутагт Данзанлувсанванжалыг Эрдэнэмандал хийдийн тэргүүн хамбын ширээнд заллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-27 17:30:36

Баруун-Урт 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Зүүн өмнөд хязгаарын монголчуудыг дагуулан тохинуулах сайд, Ачит мэргэн цорж, Арилсан чин бишрэлт, Хувилгаан тойн, Егүзэр зан бадарсан, Эрдэнэ мэргэн хамба хутагт, Ялгуусан чин зүтгэлт, Үнэн сүжигт гэгээнтний тавдугаар дүр, хамба Егүзэр хутагт Данзанлувсанванжалыг Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн тэргүүн хамбын ширээнд заллаа.


 

Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билигт өдөр болсон уг ёслолд Эрдэнэмандал хийдийн удирдлага болон аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Хурцбаяр, нутгийн иргэд, сүсэгтэн олон оролцож, тэргүүн хамбад хүндэтгэл илэрхийлжээ.


 

Егүзэр хутагт Данзанлувсанванжал нь 1998 онд Эрдэнэцагаан суманд бэлтгэл ангид суралцаж байгаад 2013 онд Энэтхэгээс Монгол Улсад анх ирээд хэнд ч хэлэлгүй, өөрийн хүслээр Эрдэнэцагаанд очиж байсан зэрэг нь "Өнө өглөгт" хийд болон энэ зүгийн сүсэгтэн олонтой урьдын ерөөл барилдлагатайг харуулсан хэмээн өгүүлж нутгийн олон биширдэг юм.

 


Эрдэнэманал хийдийн тэргүүн хамбаар өмнө нь өдгөө МБШТ-ийн тэргүүн, 30 дугаар хамба номун хан Д.Жавзандорж дээдэс ажиллаж байсан юм.

 

Холбоотой мэдээ