БУЛГАН: Сурагчид “Хүүхэд хөгжлийн өрөө”-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-02-27 11:35:44

Булган, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Булган сумын төсвийн 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд “Хүүхэд хөгжлийн өрөө”-г тохижуулж хүлээлгэн өгсөн байна.




Сургуулийн дэргэд сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн Өсвөрийн эмч, Охидын зөвлөл, Сэтгэл зүйн клуб, Өсвөрийн цагдаа, Өсвөрийн сэтгүүлчид, Өсвөрийн Улаан загалмай клуб, Эко клуб, Номын клуб зэрэг 10 клуб үйл ажиллагаа явуулж 230 гаруй сурагч хамрагдаж байна.



Сурагчид хичээлээс гадуурх үйл ажиллагаандаа тус өрөөг ашиглах, өөрөө удирдах клубүүд хурал зөвлөгөөн, уулзалт, өдөр тутмын үйл ажиллагаа явуулах, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд таатай орчин бүрдсэнд баяртай байна.


Тус өрөөг бүрэн зассан бөгөөд сурагчдад зориулсан иж бүрэн компьютер, өнгөт болон хар принтер, ширээ сандал, самбар үзүүлэн зэрэг тоног төхөөрөмжөөр хангасан байна.


Хоёрдугаар сургуулийн Сурагчдын өөрөө удирдах зөвлөл нь 2022 онд аймгийн Шилдэг зөвлөлөөр шалгарч байсан, сурагчдын хөгжил төлөвшилд үнэтэй хувь оруулж манлайлдаг, жил бүр аймгийн хүүхдийн зөвлөлд 2-3 сурагч тэргүүлэгчээр сонгогдон ажилладгаас гадна Өсвөрийн цагдаа клуб аймгийн Цагдаагийн газартай, Өсвөрийн Улаан загалмай клуб аймгийн Онцгой байдлын газартай, Өсвөрийн эмч клуб аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран үйл ажиллагаа явуулдаг хэмээн Нийгмийн ажилтан Г.Доржпүрэв бахархан ярьж байна.


Холбоотой мэдээ