Ц.Нямдорж:"Эрдэнэт" үйлдвэрийг хуйвалдааны аргаар цөөн хүний өмч болгож болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-09-29 16:29:05

“Эрдэнэт” үйлдвэрийг хувьчлал болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр байр сууриа илэрхийлэв.

“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг “Монголиан коппер корпораци” буюу “Монголын зэс корпораци” нэгдэл энэ оны 6 дугаар сард худалдаж авсан. Үүнээс хойш уг хувьчлалын асуудлаар багагүй шүүмжлэл гарч, Ерөнхий сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хүртэл байгуулагдан шалгаж байгаа. Уг ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хувьд  “Эрдэнэт” үйлдвэрийг улсын мэдэлд үлдээх нь зөв гэдэг хатуу байр суурь баримталж байгаагаа тодотгоод тус үйлдвэрийн хувьчлал хэрхэн өрнөсөн талаар баримт дэлгэж буйгаа мэдэгдэв. Тэрбээр “2016 оны 6 дугаар сарын 2-нд “Ростек” компанийн Хяналтын зөвлөлийн эчнээ хурал гэгч болж, хувьчлалын асуудлыг ярилцсан. Яг тэр өдөр ОХУ-ын Ерөнхий сайд Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрвөл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдахыг зөвшөөрч байна гэсэн захирамж гаргасан байсан. Энэ захирамж Монголын талд ямар замаар яаж ирсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа. Оросын Засгийн газар, “Ростек” буюу хувьцаа эзэмшигч компаниас ийм бичиг ирж байхад Монголын Засгийн газар 6 дугаар сарын 13-нд гэнэт хуралдаад “Ростек”-ийн тавьсан бүх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргасан. Тэр тогтоолд Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат гарын үсэг зурсан. Зүй нь ийм асуудалд Сангийн сайд гарын үсэг зурах ёстой. Ийм зүйл болоод өнгөрсөн. Үүний дараа Худалдах, худалдан авах гэрээ хийсэн.

Нөгөө тал 49 хувийг будилуулж байгаад зарчихлаа гэхэд манай Засгийн газар 49 хувийг худалдан авахаас давуу эрхээсээ татгалзах нь зөв үү буруу юу гэдгийг нэгдүгээрт бодож үзэх ёстой. “Ростек”, “Монголросцветмет”-ийг нийлээд 400 хүрэхгүй сая ам.доллараар зарсан байна лээ. Яахаараа Монголын ганцхан компанид худалдана гэх тулгалт хийсэнд Засгийн газар дүгнэлт хийх ёстой биздээ. Ийм л замаар бүх зүйл болсон.

Тэгэхээр цаашдаа 49 хувийг худалдаж авсан компаниас нь төр буцааж авах арга зам бий. Монголын ард түмний 100 жилдээ босгосон ганц бахархал болсон үйлдвэрийг ийм хуйвалдааны аргаар цөөн хүний өмч болгож болохгүй. Цаашдаа нарийн шалгах зүйл зөндөө байна. Ялангуяа Монголын талаас худалдаж авсан нөхөр эх үүсвэрээ яаж бүрдүүлэв гэдэг туйлын эргэлзээтэй” гэсэн юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн бүх эрх мэдэл “Монголиан коппер корпораци” болон ХХБ-д шилжиж, төрийн мэдлийн 51 хувийг удирдах эрх мэдлээ Засгийн газар бүрэн алдсан гэж тэрбээр мөн нэмж хэлэв. Учир нь "Дээрх үйлдвэрийн ТУЗ-ийн дарга хэн болох нь ч тодорхойгүй, томилогдоно гэж яригдаж байгаа хүмүүс нь дандаа АН-ын нүүдлийн бүлэг хүмүүс байна. Энэ луйврын цаана ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг бий гэж харж байгаа. Үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Шинэбаатар гэгч энэ оны долдугаар сарын 7-нд өөрийгөө “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор томилж, хэрэг дээрээ ХХБ болон “Монголиан Коппер корпораци”-ийн эрх ашгийн хамгаалагч болсон байна. Хуучин 280 тэрбумыг татварт төсөвт төлж байсан Эрдэнэт энэ жил 20 тэрбумыг төллөө. Ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг Оюутолгой 244 тэрбумыг энэ жил татварт төлсөн байна. Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг худалдаад авчихсан юм биш үү гэдэг дүр зураг харагдаад байна. Энэ луйврыг илчилж, ард түмэнд мэдээлэл өгнө" гэв. 

Байдал ийм байгаа тул Ажлын хэсгийн шалгалтын урьдчилсан дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх, Сангийн сайд асан Б.Болорын 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан, 255 болон 256 дугаар тушаалыг хүчингүй болгох, дээрх үйлдвэрүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин зохион байгуулах, "Эрдэнэт" үйлдвэр, Монголросцветмет нэгдлийн төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх хүмүүсийг шинээр томилж, ажилд нь оруулах саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

 

-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудалтай холбоотойгоор таныг Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх кампанит ажлаа өрнүүлж эхэллээ гэж сошиал сүлжээгээр яриа гарсан. Энэ талаар?

-Надад Ерөнхийлөгчийн сонгууль шиг сонирхолгүй зүйл байхгүй. Би анх энэ шинэ УИХ байгуулагдаад ажиллаж эхлэх үед “Эрдэнэт”-д болж өнгөрсөн хуйвалдааныг чинь хэрхэвч тэвчихгүй шүү гэдгээ хэлж байсан. Би энэ дагуу л ажиллаж байгаа, цаашдаа ч би “Эрдэнэт”-ийн бүх үнэнийг ард түмэнд хүргэхийг хичээнэ. Яагаад гэвэл энэ бол нэг үйлдвэрийн асуудал  бус Монгол төр улс цаашид тогтох уу үгүй юу гэдэг үүний цаана бий. Хэсэг бүлэг хүн далд хуралдаж Монголын ард түмнийг 30, 40 жил тэжээсэн үйлдвэрийг хувийн болгож байна. Хуучин 280-аад тэрбум төгрөг төсөвт төлж байсан үйлдвэр одоо 20 тэрбумыг төлж байна. Үүнийг тэвчиж болох уу. Ерөнхийлөгчийн суудлаас чинь  энэ асуудал хэд дахин илүү.

-Засгийн газар “Эрдэнэт”-ийн хувьчлалын асуудлыг дахин сөхөж тавьбал Оросын талын шийдвэрийг өөрчлөх боломж хэр байгаа вэ? Оросын талаас хийсэн тайлбар байдаг уу?

-Одоо энэ асуудлыг Оросын талтай дахин ярилтгүй. Галт тэрэг хэдийнэ хөдөлсөн. Одоо 51 хувийг эзэмшиж байгаа Монголын төр 49 хувийг худалдан авсан компанитай ярих ёстой. Хувьчлалтай холбоотой шахалт Оросын талаас ирсэн гэх баримт байхгүй. Энэ асуудалд 6 дугаар сарын 28-нд анх сөхөгдсөний дараа “Монгол” ТВ-ээр ХХБ-ны дэд захирал О.Орхон гэж хүн ярилцлага өгөхдөө хоёр жилийн өмнөөс яриа хийгдэж эхэлсэн гэж үг алдсан. Ийм яриа хийгдэж эхэлсэн бол төрийн ямар нэг оролцоотой, тушаал шийдвэр гарч байж ярих ёстой. Яахаараа Засгийн газар 49 хувийн асуудлаа яриагүй байхад арилжааны нэг банк Орост оччихсон яриа хэлэлцээр хийгээд явж байдаг билээ. Яахаараа Оросын Засгийн газар биш хувьцаа эзэмшигч “Ростек” компани санал тавихад манай Засгийн газар хэлэлцэж байдаг билээ. Яахаараа Монголын 51 хувийг төлөөлж орсон Шинэбаатар гэж хүн Сангийн сайдын тушаалаар 49 хувийг эзэмшигчдийн бүх тулган шаардлагыг хүлээгээд авчихсан, дараа нь  өөрийгөө ерөнхий захирлын албан тушаалд томилж байдаг билээ. Хуйвалдаан байгаа биз. Би Монголын төрд гарч байсан хуйвалдаануудыг гадарлах юмаа. Энэн шиг увайгүй хуйвалдааныг үзээгүй.

-"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд хэн болох нь тодорхойгүй байгаа юу? 

-ТУЗ-ийн таван гишүүн байнаа байна. ХХБ-ны тэр, тэр гээд хүмүүс байна. Албан ёсны шийдвэр гарсан дарга байхгүй. Дам сонсоход ТУЗ-ийн дарга нь Да.Ганболд болох гэж байна гэсэн яриа гарч байна. “Оюутолгойн” гэрээг байгуулалцсан хүн шүү дээ.ТУЗ-ийн даргаа нууж байгаа бололтой. 

-Оросын талын 49 хувийг яг хэдэн төгрөгөөр худалдсан талаар мэдээлэл өгөөч? 

-"Эрдэнэт"-ийн 49 хувь, Монголросцветмет нэгдлийг нийлүүлээд 400 хүрэхгүй сая төгрөгөөр худалдсан байгаа юм. Үүн дотор Монголросцветмет-ийг 4.5 сая ам.доллараар зарсан. 

-Анхлан ОХУ-ын талаас Эрдэнэтийн 49 хувийг зарах санал тавьсан гэх мэдээлэл бий. Тэгэхээр ямар асуудлаас үүдэн манай засгийн газар хууль зөрчсөн гэж та үзэж байна?

-Анх ОХУ-ын талаас худалдах санал ирсэн гэдэг баримт одоогоор байхгүй. Засгийн газар худалдаж авах давуу эрхээсээ татгалзсан явдал хууль ёсоор хийгдсэн ажил уу, үгүй юу гэдгийг тодорхойлох хэрэгтэй.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

 

Холбоотой мэдээ