Гэрлийг 10 мянга дахин удаашруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-02-16 16:59:44

БЭЭЖИН, 2024 оны хоёрдугаар сарын 16 /new-science/. Эрдэмтэд тодорхой нөхцөлд гэрлийг удаашруулах боломжтой гэдгийг хэдийнээ тогтоогоод байгаа билээ. Тэгвэл Хятадын Гуанши их сургууль болон Шинжлэх ухааны академийн судлаачид тооцооллын техник, шилэн кабелийг хөгжүүлэхэд тус дөхөм болох аргыг нээжээ. 


Агааргүй орчинд гэрэл ижил хурдаар буюу секундэд 299 792 км-ийн хурдтай хөдөлдөг. Харин түүний замд соронзон орон гарч ирвэл хурд нь удааширч эхэлдэг.


Ихэнх тунгалаг материал гэрлийг удаашруулдаг боловч тийм ч ихээр сааруулдаггүй ажээ. Энэ нь нэг орчноос нөгөөд шилжих үед гэрлийн хугаралд хүргэдэг хурдны өөрчлөлт юм. Гэхдээ гэрлийг үнэхээр удаашруулахын тулд фотоник талст эсвэл бүр хэт хөргөсөн квант хий гэх мэт тусгай материалыг хэрэглэх шаардлагатай болдог.


"Бидний ажил нь нанофотоник чип дэх гэрэл ба бодисын хэт хүчтэй харилцан үйлчлэлд цоо шинэ чиглэлийг нээж байна" гэж эрдэмтэд судалгааныхаа талаарх өгүүлэлдээ  бичжээ.


Эл шинэ арга нь лазерын тусгай техникүүдийг ашиглан электронуудыг агааргүй орчинд хадгалагдсан хий дотор удирдаж, тунгалаг бусаас тунгалаг болгон хувиргадаг “цахилгаан соронзонгоор өдөөгдсөн тунгалагжилт” (EIT) гэдэг аргад тулгуурлажээ.


Судлаачид гэрлийг удирдахдаа EIT-ийн зарим зарчмыг авч хэрэглэснээр, гэрлийг удаашруулах шинэ материалыг гарган авчээ. Энэ материал нь шинж чанараараа байгальд оршин байгаа материалуудын алинтай нь ч адилгүй синтетик хоёр хэмжээст бүтэц буюу өөрөөр хэлбэл нэг төрлийн мета гадаргуу юм. Ийм мета гадаргуу нь цахиурын маш нимгэн давхаргаар хийгдсэн бөгөөд энергийг барих, чөлөөлөх (энэ тохиолдолд гэрлийн энергийг) одоо байгаа хувилбаруудаас хамаагүй илүү сайн болжээ.


Судлаачдын хийсэн ажлын үр дүнг харахад, энэхүү систем дотор гэрлийг 10 мянга гаруй дахин удаашруулах боломжтой ажээ. Үүний зэрэгцээ гэрлийн алдагдал нь бусад ижил төстэй аргуудтай харьцуулахад тав дахин багасна.


Шинэ аргын хамгийн гол зүйл бол мета-атом гэж нэрлэгддэг мета гадаргуугийн бүтцийн хамгийн жижиг блокуудын байрлал юм. Энэ тохиолдолд тэдгээр блокууд хоорондоо нэгдэн нийлэхэд маш ойрхон байрладаг тул түүгээр дамжин өнгөрөх үед гэрлийг боловсруулахад нөлөөлдөг байна.

Холбоотой мэдээ