Гурван цагийг зангидсан “Эргэх холбоо” үзэсгэлэнг дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-02-15 13:33:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУСГЗ, зураач Ц.Энхжаргал, МУСТА, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач У.Батцоож нарын “Эргэх холбоо” хамтарсан үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 19-нд нээнэ.  


Уран бүтээлч Ц.Энхжаргал өөрийн шавь У.Батцоожтой хамтран гаргаж буй энэ үзэсгэлэнгээ багш шавийн нандин холбоо, эрдэм ухааны хэлхээг тодотгон “Эргэх холбоо” хэмээн нэрлэжээ.


Тус үзэсгэлэн хоёр зураачийн өнгө гэрэл, эгшиг аялгуу, өнө алсын далд санаа, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг багтаасан 40 гаруй бүтээлээс бүрдэх юм. 


Зураач Ц.Энхжаргалын бүтээлүүд гараас гарч дуусаагүй байхад нь эзэнтэй болчихдог онцлогтой бөгөөд уран зураг, дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын өв санд байдаг нандин бүтээлийн дээжис анх удаа олны хүртээл болно. Түүний бүтээлүүд хурц тод өнгө, гүн далд санаа, утга учир, уянга эгшгээр дүүрэн уран зургууд нь хэн хүний сонирхлыг татдаг увдистай. Тус үзэсгэлэнд “Чонон сар”, “Нам гүм”, “Дүлий шөнө”, “Уртын дуу”, “Би хэн бэ?”, “Улаан ба хар” зэрэг том хэмжээний бүтээл мөн “Цагаан шөнө”, “Унтаж байгаа хөгжим”, “Сарны үнсэлт”, “Тэртээд үлдсэн бага нас”, “Нуугдсан хавар” зэрэг уран зургийг дэлгэх юм.  

Зураач У.Батцоож Дархан хотод дунд сургууль төгсөж, Дүрслэх урлагийн сургуульд элсэн суралцжээ. Тэрбээр өмнө нь “Ойллого”, “Б урлангийн 209 тоот” зэрэг гурван бие даасан үзэсгэлэн гаргасан. Бүтээлүүд нь үлгэр, домог, зөн билэг, зүүд зэрэглээний хөг эгшгээр дүүрэн байдаг бөгөөд энэ удаа “Туульс”, “Тумбааш”, “Жангар” “Зөнгийн мэлмий”, “Жигүүртэн”, “Уяхан замбуутив” зэрэг том хэмжээний бүтээлээ толилуулах юм. 


Үзэсгэлэн хоёрдугаар сарын 27-ныг хүртэл олны хүртээл болно.


Холбоотой мэдээ