Долоон компани IPO хийж, 338.2 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-13 13:06:15

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Санхүүгийн салбарт хөрөнгийн болон үнэт цаасны зах зээл, банк, санхүүгийн бус байгууллагууд, даатгал, хадгаламж зээлийн хоршоод багтаж, СЗХ-ноос зохицуулан ажилладаг.


Эндээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 1.7 дахин өсөж 11,650.2 тэрбум төгрөгт, хувьцааны хөрвөх чадвар 1.5 хувьд хүрчээ. Нийт 787.2 тэрбум төгрөгийн үнэт цаасыг зах зээлд арилжжээ. Үүнд:

  • 66.7 хувийг хувьцаа,
  • 7.7 хувийг хөрөнгө оруулалтын сан,
  • 17.5 хувийг компанийн бонд,
  • 8.1 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас тус тус эзэлжээ.

ТОП-20 индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.3 хувиар өсөж, 7 компани IPO хийж нийт 338.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.

Компанийн бондын хувьд мөн 7 компани 107.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлснээс анхны ногоон бонд 17 тэрбум төгрөгийг олон нийтээс татсан байна.

Харин биржийн бус зах зээлээс 829.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бол уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 299 удаагийн 7,541.4 тэрбум төгрөгийн арилжаа хийж 14.9 сая тонн нүүрсийг 7,345.2 тэрбум төгрөгөөр, 677.4 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг 196.2 тэрбум төгрөгөөр тус, тус арилжжээ.




Хөрөнгийн зах зээлд 7 компани IPO хийж нийт 338.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.


Даатгалын зах зээл: Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 15.8 хувиар өсөж 550.2 тэрбум төгрөгт, нөөц сан 24.0 хувиар өсөж 268.9 тэрбум төгрөгт  хүрчээ.

Ялангуяа ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оноос 30.4 хувиар өсөж 392.0 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж 41.6 хувиар өсөж 141.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Даатгалын үнэлгээ өмнөх улиралтай харьцуулахад 72.7 хувиар өсөж 252,735.4 тэрбум төгрөг болжээ. Нөхөн төлбөр олголт ч өмнөх оноос 28.3 хувиар өсөж 120.9 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 30.7 хувийг эзэлж байна.



Банк бус санхүүгийн байгууллагууд: Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 32.5 хувиар өссөн байна. Харилцагчдын тоо давхардсан байдлаар 4.5 сая болж үүний 94.1 хувийг финтекийн харилцагчид эзэлжээ. Тэгвэл хадгаламж зээлийн хоршоод 72,521 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нийт хөрөнгө нь өмнөх оноос 14.5 хувиар өсөж 306.5 тэрбум төгрөгт хүрчээ.




Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 12 компанид давхардсан тоогоор 921 мянган харилцагч бүртгүүлжээ. Үүнээс 15 мянга гаруй харилцагч нь арилжаанд идэвхтэй оролцжээ. Зах зээлийн арилжааны дүн нь 136.6 тэрбум төгрөгт хүрч, өдрийн дундаж арилжаа 150.1 сая төгрөг байна.


Харин сэндбокс зохицуулалтын орчинд ББСБ-уудын хоорондын репо хэлцлийн үйлчилгээ, технологид суурилсан даатгалын болон Р2Р зээлийн үйлчилгээ, краудфандинг буюу хамтын санхүүжилт, биржийн бус зах зээлийн блокчейн арилжааны систем зэрэг 6 бүтээгдэхүүн, үйлчилгээг туршиж байна.

Холбоотой мэдээ