БАЯН-ӨЛГИЙ: "Ерөөлтэй Цагаан сар" ерөөлийн уралдаан зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-09 12:16:16

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Төв номын сангаас XVII жарны  “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан "Ерөөлтэй Цагаан сар" уралдаан зохион байгууллаа.    


Монголын ард түмний уламжлалт зан үйлийн ач холбогдлыг хүүхэд, залуучуудад ойлгуулах, өв соёлоо өвлүүлэх зорилготой уг уралдаанд Өлгий хотын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдаас бүрдсэн 16 баг оролцов. Оролцогчид уралдааны үеэр ерөөл айлдахаас гадна, үндэсний бичгийн бичих, унших чадвараа сорьж, түргэн хэллэг хэлж, Цагаан сарын баяртай холбоотой танин мэдэхүйн асуултуудад хариулж өрсөлдлөө.


Уралдааны нэгдсэн дүнгээр Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Цамбагарав” баг тэргүүлэв. Мөн “Эмпати” сургуулийн 8 дугаар ангийн сурагчид, 2 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагчид удаах байруудад орлоо.


Ташрамд сануулахад, ерөөл нь монгол ардын аман зохиолын нэг төрөл бөгөөд сайн сайхныг бэлгэдэн зөгнөж, аз жаргалтай амьдрах хүсэл мөрөөдөл биелэн бүтэхийг хүсэн эрмэлзсэн зан үйлийн холбогдолтой уран шүлэг юм. Ерөөл нь шинэ гэрт зориулсан, шинэ гэрийн эздэд сайн сайхныг хүссэн утгатай гэрийн ерөөл, гэр бүл болж буй хосын амьдралд сайн сайхныг хүссэн хуримын ерөөл, айраг, архины сав дүүрэн байхыг бэлгэдсэн агуулгатай сөнгийн ерөөл зэрэг төрөлтэй байдаг. 

Холбоотой мэдээ