Монголбанк дэлхийн мөнгөний яармагт оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дэлхийн мөнгөний яармаг хоёрдугаар сарын 2-4-нд Берлин хотноо боллоо. Уг яармагт
манай улсаас Монголбанк оролцож, дурсгалын болон үнэт зооснуудаа дэлгэв.
Энэ онд Монгол
Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж,
хөгжсөний 100 жилийн ой тохиож
байгаа бөгөөд уг ойн хүрээнд Монголбанк дэлхийн мөнгөний яармагт зоос үйлдвэрлэлээр хамтран
ажиллагч, Лихтенштайн улсын “Койн
Инвест траст”
компанитай хамтран оролцов.
Монголбанк анхны дурсгалын зоосыг хуучнаар Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс (БНАГУ)-д үйлдвэрлүүлж, түүнээс хойш дотоодын “Зоос
гоёл” болон ОХУ-ын “Гознак” үйлдвэр, Япон улсын “Иточу” компани, “B.H.Mayers”
компани, “Royal mint”, “Valcami Sa” зэрэг үйлдвэртэй хамтран ажиллаж иржээ.
Энэ жилийн
Дэлхийн мөнгөний үзэсгэлэн яармагт Казахстан, Киргиз, Болгар, Украины Төв банкууд болон
бусад байгууллага оролцлоо.
Дэлхийн мөнгөний яармаг нь анх 1972 онд Швейцар улсад болж, 2006 оноос хойш Берлин хотноо тасралтгүй зохион байгуулж иржээ. Тус яармаг нь зоос, цаасан мөнгөн тэмдэгтийн дэлхийн нумизматууд, цуглуулагч нар гээд уг салбарын мэргэжлийнхний цуглардаг хамгийн чухал олон улсын үзэсгэлэнгийн нэг болжээ.
Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс дилерүүд, дагалдах хэрэгсэл нийлүүлэгчид, дуудлага худалдааны газруудын төлөөлөл цуглаж шинэлэг зүйлсээ дэлгэн үзүүлдэг бол дэлхийн мөнгөн тэмдэгтүүд, зоосны салбарын ханган нийлүүлэгч нар хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг мөн дэлгэн харуулдгаараа чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.