Говийн бүсийг аж үйлдвэрийн хөгжлийн цогц кластер төв болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-01 16:10:55

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум” өнөөдөр Төрийн ордонд эхэлж, үдээс хойш бүс бүсээр чууллаа. Говийн бүсийн салбар хуралдаан “Блью Скай” зочид буудалд болж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан удирдан явууллаа.


Тэрбээр, говийн бүсэд өнөөдөр хамгийн чухал тавигдаж буй том асуудал бол Газрын тос боловсруулах үйлдвэрийг хурдан ашиглалтад оруулах явдал гэдгийг үгийнхээ эхэнд онцлоод, тэр болтол Монгол Улсын экспортын голлох хоёр аймгийн хувьд Өмнөговь, Дорноговиор БНХАУ-аас нефть бүтээгдэхүүний нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв.

Энэ талаар буюу говийн бүсэд нефть нийлүүлэх боомт нээж, ажиллуулах талаар саяхан БНХАУ-тай ярилцаж, Хятадын тал дэмжин ажиллахаа илэрхийлжээ.



Говийн бүсэд БНХАУ-аас нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх боомт нээн ажиллуулахаар тохиролцжээ.



Тодруулбал, нефть нийлүүлэлт дээр зөвхөн Замын-Үүд боомт дахь шилжүүлэн ачих ангийг хараад байх биш, цаашдаа Гашуунсухайт, Ханги-Мандалын боомтоор оруулж ирэх дээр Монголын талаас ЭЗХЯ, БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо хамтран, аль аль талдаа илүү анхааран ажиллахаар боллоо гэв.

Өнөөдөр говийн бүсэд тулгарч буй асуудлууд гэвэл:

  • Орон нутгийн ажиллах хүчний нөөцийг бэлдэж чадавхжуулан боловсон хүчний хомсдлоос гарах,
  • Эдийн засгийг уул уурхайгаас гадна төрөлжүүлж, солонгоруулан сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх,
  • Усан хангамжийг нэмэгдүүлэх “Хэрлэн-Говь” төслийг хэрэгжүүлэх явдал байна.

Боломжууд гэвэл:

  • Нефть бүтээгдэхүүний олборлолт, нийлүүлэлт болон цементийн үйлдвэрлэлийн гол район байх,
  • Сайншандад дотоодын арматурын үйлдвэр байгуулах,
  • Барилгын материалыг гаднаас болон дотоодоосоо хямд өртөгөөр нийлүүлэх,
  • аялал жуулчлал, шашин соёлын төв болох,
  • байгаль экологийн “Харгана” төсөл хэрэгжүүлэх зэрэг орж байна.


Говийн бүсийн хөгжлийн талаар УИХ-ын гишүүн С.Батболдоос тодруулбал, Засгийн газраас буюу Ерөнхий сайдын зүгээс бүсүүд ямар ажил хийх, тухайн бүс цаашид хэрхэн хөгжих талаар сайн ярилцаж саналаа өгөх гэсэн тодорхой чиглэл өгсөн. Бид бүсийн хөгжлийг багцаар харах хэрэгтэй.

Техник, технологи дээр суурилсан хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг бий болгох нь чухал байна. Жишээ нь, нүүрс-химийн бүс байх.

Энэ утгаар бид Говийн аж үйлдвэрийн хөгжлийн кластер бүс болох цогц бодлого гаргахаар хэлэлцэж байна. Үүнтэй зэрэгцээд байгаль экологид суурилсан аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлээд явах цогц бодлого гаргана. Байгаль орчноо хамгаалахын тулд цөлжиллтэй тэмцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” хөдөлгөөнийг эрчимжүүлж, говийн харгана ургамлыг ургуулна гэв.


Холбоотой мэдээ