ОРХОН: Байт харвааны шинэ заалыг ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-31 14:02:55
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Спортын төрөлжсөн сургалттай “Ирээдүйн одод” сургуулийн байт харвааны заалыг ашиглалтад орууллаа.

 

Орхон аймагт байт харваагаар олон хүүхэд хичээллэдэг ч зориулалтын заал байхгүйгээс сурагчдын идэвх буурах, амжилт гаргах нь багассан ажээ. Иймд 8х36 хэмжээтэй шинэ заалыг орон нутгийн төсвийн 950 сая төгрөгөөр барьснаар сурагчид долоо хоногт 20 цагийн бэлтгэл хийж эхэллээ. Өмнө нь долоо хоногт 14 цаг бэлтгэл хийдэг байжээ.

 

Байт харвааны заал нь агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай байхаас гадна агч модон шалтай байх стандарттай юм. Иймд дээрх стандартыг хангаснаар тамирчид  бэлтгэл сургуулилалтаа чанартай гүйцэтгэх боломж бүрдэж байна.

 

Мөн орон нутгийн удирдлагууд 19 сая төгрөгөөр хагас мэргэжлийн болон сургалтад зориулсан нум, аравч бусад дагалдах хэрэгслийг авч өгчээ.

 

Тус сургууль 2014 онд байгуулагдсан бөгөөд байт харваагаар хичээллэгсэд жил бүр нэмэгдэж байна.




 

Холбоотой мэдээ