Өвлийн спортын ахмад тамирчид 15 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-29 14:55:43

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Италийн Ломбардиа мужид болсон Дэлхийн мастеруудын өвлийн гуравдугаар наадмаас Монголын ахмад тамирчид 15 медаль хүртлээ.


Олон улсын хэмжээний мастер Ц.Оюунцэцэгийн удирдлага дор нийт 22 хүн өрсөлдсөнөөс 81 настай ОУХМ Б.Жалбаа гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрийн төрөлд мөнгө, 1500, 3000 метрийн зайд хүрэл медаль хүртэв. Харин шорт трекийн 500, 1000, 1500 метрийн зайд уралдсан 38 настай О.Энхбат шагналт тавдугаар байранд шалгарчээ.


Тэгвэл эмэгтэйчүүдээс 70 настай ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрийн зайд хүрэл, 1500 метрт алтан медаль хүртжээ. Түүнчлэн 59 настай Р.Сарантуяа шорт трекийн 500, 1000, 1500 метрт хүрэл, гүйлтийн тэшүүрээр 10000 метрийн зайд анх удаа өрсөлдөн дэд байранд шалгарсан бол 64 настай Н.Эрдэнэтуяа 5000 метрт түрүүлжээ.


Харин хоккейн тэмцээний 50 насны ангилалд Монголоос “Номадс”, “Нормаунт” баг оролцсон бөгөөд шилдэг тамирчнаар “Нормаунт” багийн хамгаалагч Т.Пүрэвсүрэн, “Номадс” багийн довтлогч С.Эрдэнэбат нар шалгарчээ. Мастеруудын наадамд дэлхийн 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдсөн байна.


Тус наадам өмнө нь хоёр удаа болоход Монголын тамирчид 2015 онд ес, 2019 онд 11 медаль хүртсэн бөгөөд энэ удаагийнхтай нийлээд манай улс 35 медальтай боллоо.

Холбоотой мэдээ