ЗАВХАН: Идэр, Тэс, Завхан голын ус маш цэвэр гэж үнэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-01-26 15:50:39

Улиастай, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ. Тус аймгийн гадаргын усны хяналт шинжилгээгээр 7 голын ус маш цэвэр хэмээн үнэлэгджээ.


Усны бохирдлын индексээр үнэлэхэд Идэр, Тэс, Завхан, Хүнгүй, Тээл, Хар нуурын болон Буянт голын ус нэгдүгээр зэрэг маш цэвэр үнэлэгдсэн байна. Богд, Чигэстэй голын ус хоёрдугаар зэрэг цэвэр ангилалд тус тус багтаж байна. Хүнгүй, Тээл гол болон Хар нуурын ус хоёрдугаар зэргээс нэгдүгээр зэрэгт шилжиж, маш цэвэр гэж үнэлэгджээ.




Өнгөрсөн онд гадаргын усны хяналт шинжилгээг хөтөлбөрийн дагуу 13 харуулын 81 сорьцод химийн 1740 үзүүлэлтээр, Төв цэвэрлэх байгууламжийн 24 сорьцод 160 шинжилгээг хийж дүнг боловсруулан иргэд, байгууллагуудад мэдээлжээ.


Гадаргын усны бохирдлыг индексийг тооцохдоо аммони, нитрит, фосфор, сульфат, хлор, усанд ууссан хүчилтөрөгч болон биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч зэрэг үзүүлэлтээр тодорхойлж усны чанарын стандартад заасан дээрх бодисуудын хүлцэх дээд агууламжтай харьцуулан 0.3-6.0 баллаар тодорхойлсон гэж Завхан аймгийн Ус, цаг уур орчин шинжилгээний төвөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ